Дэлхий дахинд
НАСА Ангараг гарагийн орчныг дэлхий дээр бүрдүүлж, туршилт хийнэ
Дөрвөн жижиг өрөө, фитнес өрөө, улаан элс. Энэ бол АНУ-ын сансар судлалын агентлагийн дэлхий дээр байгуулсан Ангараг гараг дээрх станц.
Энд сайн дурынхан нэг жилийн турш амьдарч, дэлхийн хөрш болох Ангараг гараг дээр хэрхэн амьдрах туршилт хийх юм. Гурван төрлийн туршилт явуулах энэхүү “Crew Health and Performance Exploration Analog (CHAPEA)” байгууламжийг НАСА агентлагийн Хьюстон дахь судалгааны бааз дээр байгуулсан байна. Ирэх зургаадугаар сард дөрвөн хүн сайн дурын үндсэн дээр эхний туршилтад оролцоно. Энэ үеэр НАСА-ийн мэргэжилтнүүд тэдний биеийн болон сэтгэл зүйн байдлыг хянаж, удаан хугацаанд хязгаарлагдмал нөөц, тусгаарлагдсан орчинд хүн тэсвэрлэж чадах эсэхийг судлах юм.
Сайн дурынхан 160 кв м талбай бүхий байгууламжид жилийн турш ажиллаж, амьдарна. Байгууламж хоёр ариун цэврийн өрөө, хүлэмж, эмчилгээний өрөө, амралтын өрөө болон хэд хэдэн ажлын өрөөтэй. Байгууламжийн гадаа мөн л Ангараг гарагийг санагдуулах орчныг бүрдүүлсэн байна.
Эхний туршилтад оролцох багийн гишүүдийг НАСА агентлагаас сансрын нисэгчдэд тавьдаг шаардлагын дагуу сонгох аж. Нийт гурван жил үргэлжлэх туршилтад гурван баг оролцох юм. Тэд усны хязгаарлагдмал нөөц, тоног төхөөрөмж эвдрэх зэрэг сорилтуудтай тулгарч, хэрхэн даван туулж байгаа, биеийн болон сэтгэл санааны байдал хэрхэн өөрчлөгдөхийг НАСА агентлагийн мэргэжилтнүүд байнга хянах юм.
Ангараг гарагийн орчныг 3D хэвлэгч машинаар хийжээ. Энэ бүхэн дараагийн арван жилд төлөвлөж байгаа Ангараг гараг руу хийх сансрын нисэгчдийн анхны нислэгт бэлтгэх ажлын нэг хэсэг. Төлөвлөгөө ёсоор, Ангараг гараг руу хийх нислэг есөн сар үргэлжлэх бөгөөд сансрын нисэгчид Улаан нүдэн гараг дээр 2.5 жил байрлах юм.