Дэлхий дахинд
“Hermes” компани “Kelly” гар цүнхний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр шинэ үйлдвэр байгуулав
“Hermes” арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ жилд долоо орчим хувиар өсгөхийг зорьж байна.
“Hermes” брэнд тансаг зэрэглэлийн “Кelly”, “Constance” гар цүнхний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахаар Нормандад арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрээ нээлээ. Лувьер хотод байрлах энэхүү үйлдвэр нь дөрвөн жилийн дотор гарцаа хоёр дахин тэлэх зорилт тавьжээ.
Энэ үйлдвэрт 7700 евро буюу 8400 ам.долларын үнэтэй “Kelly” гар цүнхний 25 см-ийн хэмжээтэйг нь үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн удахгүй “Constance Mini” хэмээх шинэ загварыг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.
“Hermes” компани арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ жилд долоо орчим хувиар өсгөхийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд жил бүр арьс, ширэн бүтээгдэхүүний нэг үйлдвэр нээхээр төлөвлөжээ. Тус компани одоогоор Франц улсад арьс, ширэн бүтээгдэхүүний 21 үйлдвэртэй. “Hermes”-ийн дэлхий даяарх 20 мянган ажилтны 25 гаруй хувь нь арьсан урлалын мэргэжилтнүүд байдаг аж.
Эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулагч нар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцааг худалдан авахаар хошуурч эхэлснээр энэ долоо хоногт “Hermes” компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 200 тэрбум евро даваад байна.
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш бусад салбарынхтай харьцуулахад зах зээлийн хэлбэлзэлд уян хатан байгаа юм. Энэ он гарсаар “Hermes”-ийн хувьцааны ханш 30 хувиар өсөөд байна.