Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш таван сар болж буй бөгөөд энэ хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлжээ.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан, нүүрсээ нээлттэй цахим арилжаагаар дамжуулан борлуулдаг болсноор 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн юм байна.
Тухайлбал, коксжих нүүрс нэг тонн нь уурхайн ам нөхцөлөөр 100-115 ам.долларын үнэтэй байсныг 55 хувиар нэмэгдүүлснээр 178.6-182.1 ам.доллар хүрч өссөн аж. Нийт 224,000 тонн коксжих нүүрсийг цахим арилжаагаар борлуулаад буй юм байна.
Эрчим хүчний нүүрс 2020 онд 9 ам.доллар байсныг найм дахин нэмэгдүүлснээр 70.3-73.3 ам.доллар болж өсчээ. Нийт 192,000 тонн эрчим хүчний нүүрсийг Ганцмод нөхцөлөөр борлуулаад буй аж.
Тус компани өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 212,000 тонн хагас коксжих нүүрс борлуулсан байдаг аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын мэдээллээр энэ онд тус компани нийт олборлосон нүүрснийхээ 30 хувийг цахим арилжаагаар борлуулахаар зорьж байна. Бүх төрлийн нүүрсийг цахимаар арилжаалах зорилт тавьсан. Цахим арилжаагаар 7.2 сая тонн нүүрс борлуулснаар 244.4 орчим сая ам.долларын нэмэлт орлого олно гэсэн урьдчилсан тооцоо ч гаргажээ.
Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ ч нэмэгджээ. Тодруулбал, 2021 онд тээврийн компаниуд 29.8 тэрбум төгрөг, 2022 онд 97.1 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн бол 2023 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 76.7 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн юм байна.
Энэ ажлыг зохион байгуулахын тулд Худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж хоёр дахь шатны тендер шалгаруулалтаар 2 чиглэлийн 4 багцад 12 компанийг шалгаруулжээ. Ингэхдээ нийт 288 мянган тонн “Нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулан биржийн нүүрс тээврийг өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлж 12 компанийн 363 тээврийн хэрэгслээр 96,000 тонн нүүрс хүргэж өгөөд байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө тус компанийн өмчлөл дэх тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудал босч, энэ асуудал хууль хяналтын байгууллагад шилжсэн. Тодруулбал, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани тус компанийн зөвшөөрлийн талбай руу нэвтэрч орж олборлолт хийсэн болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Олборлосон нүүрсний хэмжээг 340.1 мянган тонн гэж эцэслэн тогтоосон байдаг. Үүнийгээ нүүрсээр барагдуулахаар хоёр тал тохиролцсон ч 2017-2022 оны хооронд 69.4 мянган тонн коксжих нүүрс эргүүлэн авсан байдаг юм.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор 2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниас 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох нийт 13.9 сая ам.доллар буюу 48 тэрбум төгрөгийг шилжүүлэн авснаар төлбөр бүрэн төлөгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох үед урьдчилж орсон орлого 582 сая ам.долларт хүрсэн байсан бол одоогоор 286.4 сая ам.долларт хүргэж бууруулжээ.
Харин урт хугацаат өр 450 сая ам.доллар байсныг 39 сая ам.доллар буюу 236.5 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан юм. Тодруулбал, тус компани 2021 онд дотоодын зах зээлээс босгосон “ЭТТ бонд”-ын 236.5 тэрбум төгрөг буюу 39 сая ам.долларын үндсэн төлбөрийг энэ сарын 7-нд бүрэн барагдуулсан юм.
Төсвийн алдагдал 1.7 их наяд төгрөгт хүрээд байсныг 2022 оны эцсээр 385 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй болж, санхүүгийн чадавхийг сайжруулжээ.
2021 оны есдүгээр сараас хойш хуримтлагдсан туслан гүйцэтгэгч компаниудын өр төлбөрийг хоёр сарын дотор бүрэн төлж барагдуулжээ. Ингэснээр санхүү талд үзүүлж байсан дарамтыг бууруулж чадсан байна.