Дэлхий дахинд
Украиныг Оросын сурах бичгүүдээс хасч эхлэв
ОХУ-д сургуулийн сурагчдын сурах бичгүүдэд цензур тавьж эхэлжээ. Тодруулбал, “Бидний эргэн тойрон дахь ертөнц” нэртэй дөрөвдүгээр ангийн сурах бичгийн хамгийн сүүлийн хэвлэлтээс Украин, Киев гэсэн хэд хэдэн хэсгийг устгасан байна.
Хуучин хэвлэлд жишээ нь, Киев дэх агуйн хийдийн лам Нестор гэх хүний бичсэн “Өнгөрсөн он жилүүдийн үлгэр” нэртэй түүх байсан. Шинэ хувилбарт Киев гэсэн хэсгийг хасч, зүгээр л Нестор лам гэж оруулжээ. Мөн хунтайж Игорийг хуучин хэвлэлд “Киевт засаглаж эхэлсэн” гэж бичсэн байсныг “Орост засаглаж эхэлсэн” гэж сольсон байна. “Ханхүү Владимир Киевийн бүх хүнд баптизм хүртээсэн” гэх хэсгийг “нийслэлийн бүх хүнд” гэх үгээр сольжээ.
Сургуулийн бүх сурах бичгээс Украин, Киевийн тухай зохисгүй хэсгүүдийг хасах үүрэг даалгавар авсан гэдгээ номыг бүтээсэн “Просвещение” хэвлэлийн газрын ажилчид баталжээ. “Зүгээр л Украин гэж огт байхгүй юм шиг харагдуулах даалгавар бидэнд байна” гэж хэвлэлийн газрын ажилтан хэлсэн.
ОХУ-ын Боловсролын сайд Сергей Кравцов өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын түүх болон дэлхийн түүхийн нэгдсэн сурах бичигтэй болохоо зарлаж байв. “ОХУ-ын харьяа Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад нэвтэрснээр урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээний дарамтад орж байна. Мэдээж хэрэг энэ бүхэн шинэ сурах бичигт орох болно” гэж тэр хэлжээ.
Шинэ сурах бичгүүд ирэх хичээлийн жилээс ашиглагдаж эхлэнэ. Энэ үйл явцыг “Орос улс түүхийг дахин бичиж байна” гэж шинжээч Алекс Кокчаров зүйрлэжээ.