Дэлхий дахинд
Дмитрий Песковын хүү Украинд тулалджээ
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хүү Николай Песков Оросын хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Вагнер” бүлэгт нэгдэж, Украинд тулалдсанаа ярьсан байна.
“Би үүнийг өөрийнхөө үүрэг хариуцлага гэж үзсэн. Миний найзууд болон бусад хүн тийшээ явж байгааг хажуунаас нь зүгээр хараад сууж чадаагүй. Очоод би овгоо өөрчилж хэлсэн болохоор намайг хэн гэдгийг хүмүүс мэдээгүй” гэж Николай Песков хэллээ.
Николай Песков ойролцоогоор зургаан сар Украинд тулалдсан бөгөөд Эр зоригийн медаль хүртэл авчээ. ОХУ-ын засгийн газрын албан тушаалтнууд болон элитүүдийн хүүхдүүдийг дайны талбарт илгээхгүй байна гэх шүүмжлэл гарах болсон. “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин Баасан гаригт Николай Песковыг Украинд тулалдсаныг баталжээ. Гэхдээ тодорхой хугацаа зааж хэлээгүй. Николай Песков нь Молкино дахь баазад гурван долоо хоногийн сургуулилалтад хамрагдсаны эцэст Луганск руу томилогджээ.