Дэлхий дахинд
БНСУ-ын ерөнхийлөгч АНУ-д төрийн айлчлал хийж байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-д төрийн айлчлалаа хийхээр /2023.04.24/ Вашингтоныг зорьжээ. Тэрээр Вашингтонд хийх анхны төрийн айлчлалаараа АНУ-ын ерөнхийлөгч Байдентай Умард Солонгосын эсрэг “тогтоон барих хүчээ” илүү өргөжүүлэн бэхжүүлэх тохиролцоог хийх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Өөрөөр хэлбэл АНУ холбоотон орнуудаа ердийн болон цөмийн зэвсгийн аль алинаар хамгаалах амлалт өгч, түүнийг нь Өмнөд Солонгосын төр хүлээн зөвшөөрөх тухай яригдаж байгаа юм. Юн Сок Ёл сүүлийн 12 жилд АНУ-д төрийн айлчлал хийсэн Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болох юм. Өмнөд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт лхагва гарагт болно. Энэ жил Америк, Өмнөд Солонгосын холбоотны харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Хоёр талын засгийн газар Умард Солонгосын зүгээс Өмнөд Солонгосын газар нутагт цөмийн зэвсгээр цохилт өгсөн нөхцөлд АНУ хариу арга хэмжээ авах тухайгаа тусгасан хамтарсан мэдэгдлийг боловсруулж байгаа талаар Сөүлийн өдөр тутмын сонины өнөөдрийн дугаарт мэдээлжээ.