Нийгэм
Олон улсын автотээврийн үйл ажиллагаа өргөжиж байна

-Европын гол түнш улсуудтай Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажил хэрэгжиж байна-
НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааныг Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү хуралдаанд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй албаныхан урилгаар оролцож, Газрын тээврийн хорооны гишүүн орны хувьд бодлогын түвшинд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхитэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна.
Тус хуралдаанаар тээвэр дэх автоматжуулалтын шинэ дэвшилтэт техник, технологийг танилцуулах сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулагдаж буй бөгөөд бодлогын хэлэлцүүлгийн төгсгөлд төлөөлөгчдийн тэргүүн нар “Тээврийн автоматжуулалтын эринд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, интеграчлалыг сайжруулах нь” сэдэвт сайд нарын тунхаглалыг баталлаа. Мөн дэлхийн хэмжээний томоохон асуудлууд, Газрын тээврийн хорооны 2030 хүртэлх стратеги, Газрын тээврийн хорооны гишүүн болон Европын эдийн засгийн комиссийн гишүүн бус орнуудыг үйл ажиллагаандаа идэвхитэй оролцуулах зорилго дор хуралдаж байгаа аж. Энэхүү хуралдаанаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын сан” байгуулагдсаныг зарлаж, тус сангаас зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулахаар болжээ.
Хуралдааны үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой тээврийн хэлтсийн дарга Ли Ювэйтэй уулзаж, “Үндэсний тээврийн сүлжээг олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх гарц” төсөл хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-аас гаргасан тээврийн хэд хэдэн гэрээ конвенцод нэгдэн орох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид НҮБ-ын Замын аюулгүй байдлын сан байгуулах, автоматжуулалт, ухаалаг тээврийн системийн дижиталчлал, тээврийн цахим бичиг баримт, аюултай ачаа тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа зэрэг асуудлуудын талаар харилцан ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.
Мөн Олон улсын автотээвэрчдийн холбоо /IRU/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ оны 9-р сард Монголд айлчлахаар тохиролцсон байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас авто тээврийн салбарт анхаарч олон улсын автотээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Ази Европыг холбосон транзит тээврийг өөрийн нутгаар саадгүй нэвтрүүлэх, монголын тээвэрлэгчдийг энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж бололцоог нэмэгдүүлэх, төрийн зохицуулалтыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа. Олон улсын автотээвэрчдийн холбооноос эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах, олон улсын гэрээ конвенциудад нэгдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Статистик үзүүлэлтээс харахад жилд дундажаар 1000 гаруй ТИР тээвэрлэлт манай улс руу хийгддэг судалгаа бий. Гэвч үүнд Монгол тээвэрлэгчийн эзлэх тоо маш бага буюу дундажаар 50-60 байдаг аж. Иймд дийлэнх тээвэрлэлт хийгдэж байгаа зарим улстай хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, өөрсдийн тээвэрлэгчдийг саадгүй гүйцэтгүүлэх нөхцлөөр хангахад ЗТХЯ-аас анхаарч байгаа юм байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилтын хүрээнд өнгөрсөн оны 06 дугаар сард ХБНГУ, Польш, Унгар, Словак зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн юм. Энэ хүрээнд Унгар Улстай өнгөрсөн оны сүүлээр хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар баталгаажсан байдаг.
Тэгвэл энэхүү “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчид БНПольш Улсын тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулах ажлаа шуурхайлж, 2019 онд багтаан хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшийн түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм5 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ