Дэлхий дахинд
Хойд Солонгост тамхи зарсан компани төлбөрт унажээ
Хориг арга хэмжээг зөрчин Хойд Солонгост тамхи зарсан “British American Tobacco” компани АНУ-ын эрх баригчдад 635 сая ам.доллар төлөх болжээ. “British American Tobacco“-ийн захирал Жэк Боулз буруутай үйлдэл гаргасандаа гүнээ харамсаж буйгаа мэдэгдсэн.
Тамхи үйлдвэрлэгч “British American Tobacco” компани нь үндэстэн дамнасан салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм. Мөн Их Британийн хамгийн том 10 компанийн нэг. “Lucky Strike”, “Dunhill”, “Pall Mall” зэрэг томоохон брэнд нь “British American Tobacco” компанийнх аж.
“Тус компани нь охин компаниудаараа дамжуулан АНУ-ын хориг арга хэмжээг тойрч гарах, Хойд Солонгост тамхи нийлүүлэх нарийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг. “Энэ асуудал бол удаан үргэлжилсэн мөрдөн байцаалтын оргил хэсэг. 2007-2017 оны хооронд гуравдагч компаниуд Хойд Солонгост тамхи зарж, ойролцоогоор 428 сая ам.долларыг тэднээс авсан” гэж Ерөнхий прокурорын туслах Мэттью Олсен хэлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Хойд Солонгосын банкир Сим Хён Соп, туслах ажилтан хятадын иргэн Цин Гуомин, Хан Линлин нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сим Хён Соптой холбоотой аливаа чухал мэдээллийг таван сая ам.доллараар, нөгөө хоёртой нь холбоотой мэдээллийг 500 мянган ам.доллараар тус тус үнэлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун маш их тамхи татдаг гэдгээрээ алдартай. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн жил Хойд Солонгос руу тамхи экспортлохыг хориглосон ч Орос, Хятад хоёр зөвшөөрөөгүй.