Бусад
Н..Туулайхүү: Би их азтай хүн. Эхнэр, охин, хүргэнтэйгээ Монголын их театрт ажиллаж байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Нямаагийн Туулайхүүтэй ярилцлаа.
-Та удирдаач болоод хэдэн жил болж байна вэ?
-Хөгжим бүжгийн дунд сургуульд 1967 онд элсэн суралцсан. Орос багш нар хичээл заана. Тэднээс их зүйлийг сурсан. Миний өдий дайны яваа нь орос багш нарын минь буян. Сургуулиа төгсөөд/ 1973 онд/ ДБЭТ-т хөгжимчнөөр ажиллаж байгаад 1978 онд тэр үеийн ЗХУ д сургуульд явсан, мэргэжлээрээ. Тэр сургуульд эхний жил хоорын удирдаачийн ангид сурсан бол дараа жил нь кларик хөгжмийн ангид сурч байгаад гуравдугаар курсээс нь дуурь ба симфони хөгжмийн ангид шилжин суралцсан. Харамсалтай нь хоорын удирдаачийн ангиа орхисон. Учир нь тэр үед миний тархинд симфони хөгжмийн ангид орсон юм чинь хоорын ангийг төгсөх шаардлагагүй юм байна гэж бодогдсон хэрэг. Харин одоо бол төгсдөг байж гэж харамсдаг.
– Энэ мэргэжлийг сонгоход аавын нөлөө их байсан хэмээн таны ярьж байсныг нэг бус удаа сонсч байлаа.
Аав маань жаахан халамцахаараа намайг дэргэдээ суулгаад “Хүүгээ удирдаач болгох юмсан. Тэгвэл би дохьсон тоглолт бүрийг нь үзнэ дээ” хэмээн ярьдаг байсан. Би тэр үед өөрийгөө урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Гэхдээ өнөөдөр энэ мэргэжлийг эзэмшсэн нь аавынхаа мөрөөдлийг биелүүлэх миний хүсэл байж магадгүй. Тэгээдч байнга тэгж хэлдэг байсан нь миний оюун тархинд нөлөөлж өөрийн эрхгүй энэ мэргэжлийг сонгосон болов уу. Хөгжим бүжигт сурч байхад хүртэл орос багш зөвхөн намайг нэг жижиг ангид оруулж байгаад хаалгаа түгжээд ганцхан удирдаачийн хичээл заадаг байлаа. Ингээд бодохоор би заавал удирдаач болох ёстой байсан хэрэг.
– Удирдаачийн гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Улсын Филармониос. Учир нь намайг ОХУ-ын хөгжмийн сургуулиас төгсч ирэхэд филармони нэг л удирдаачтай байсан болохоор Намсрайжав гуай намайг авсан юм. Тэнд 12 жил ажилласан. Уг нь ДБЭТ-т орох гэтэл Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хийлч, удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, Ц.Жамсрайжав, Х.Гомбосүрэн нар байсан болохоор надад тэнд ажиллах боломж яаж байх билээ. Аз таарч гэх үү дээ,1996 онд гавьяат жүжигчин А.Дашпэлжээ гуай дуурийн театрын даргаар очсоноор намайг театрынхаа ерөнхий удирдаачаар томилсон. Би ЗХУ-д сурахаар явахаасаа өмнө ажиллаж байсан тул дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Тэр өдрөөс хойш ажиллаж байна даа.
– Ингэхэд та хичнээн бүтээл дээр ажилласнаа тоолж үзсэн үү?
-Дуурийн театрт 25 дуурь, 20 орчим балетад ажилласан. Концерт гэвэл тоймгүй их. Жилд л гэхэд 100 орчим байдаг.
-Тантай уулзах завшаан тохиовол нэрний тань талаар асууна даа бодож явлаа?
-Би хотод, Туул голын эрэг дээр төрсөн. Аав маань намайг Туулын эрэг дээр төрсөн болохоор Туулаа гэдэг нэр өгсөн юм. Ингээд сургуульд ороход хүүхдүүд туулай гэдэг юм байна гэж ойлгоод Туулай гэж дууддаг болсон. Гэтэл ангийн багш “Хүүхдийг туулай байхдаа яах вэ дээ. Эрэгтэй юм чинь Туулайхүү гэдэг болъё” хэмээсэн юм. Их өлзийтэй нэр шүү.
-Та өөртэйгээ адилхан нэртэй хүмүүстэй уулзаж байв уу?
-Уулзсан. Намайг Хөгжим бүжгийн сургуульд элсэн ороход охидууд намайг “Дэлдэн туулай” гэж их шоолдог байсан. Би ч тэднийг дахиж шоолохгүй болтол нь зодно. Гэхдээ би нэрээ солимоор санагдаад аав, ээждээ хэлтэл зөвшөөрсөн. Ингээд ямар нэртэй болдог юм билээ гээд “Хархорин” зах дээр явж байтал минийхтэй адилхан нэртэй, ширвээ сахалтай их гоё ах байхыг хараад хорвоод ийм нэртэй хүн байдаг юм байна гэж бодоод солихгүйгээр шийдсэн. Та бүгд санаж байгаа бол 2006 онд СТӨ-нд гавьяат жүжигчин, дуучин Х.Үнэнхүү, урдагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү бид гурав хамтарсан тоглолт хийсэн юм. Тоглолтын үеэр үзэгчдийн дундаас адилхан нэртэй хүмүүс бие биедээ бэлэг өгөх ёстой байв. Эхлээд Ц.Пүрэвхүү бэлэг өгсөн чинь нэлээд олон хүн гарч ирж жинхэнэ шатаж байна аа. Дараа нь Х.Үнэнхүү гарч бэлгээ гардуулсан чинь 10 гаруйхан хүн гарч ирэв. Харин намайг бэлгээ гардуулахад гурван хүн гарч ирсэн. Тэдний нэг нь ээждээ тэврүүлсэн хүү байсан. АНУ-д амьдардаг гээд гадаад паспортоо үзүүлсэн. “Яагаад ийм нэр өгсөн юм бэ” гэсэн чинь “Өвөө нь таныг их хүндэлдэг юм. Тэгээд зээ хүүдээ таныг нэрийг хайрласан юм” гэж билээ.
– “Дуучин Х.Үнэнхүү, удирдаач Н.Туулайхүү” гэж зарлахаар үзэгчид өөрийн эрхгүй инээлддэг. Харин танд ямар санагддаг вэ?
– Би урлагийн хүн шүү дээ. Харин ч сайхан санагддаг. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг маань хүн цаашлуулахдаа сайн болохоор Х.Үнэнхүү, Ц.Пүрэвхүү бид гурвыг дээр хэлсэн тоглолтод оролцоход урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай хөтлөгчөөр ажиллаж биднийг зарлахад үзэгчид нирхийтэл инээсэн. Юун өнөө тоглолт үзэх манатай юм болсон доо.
-Хөгжим бүжигт ямар хувь тохиолоор орсон юм бэ?
-Бага ангийн багш маань дуу хөгжмийн хичээл ордог байсан. Бидэнд байнга дуу заана. Тийм ээс манай ангийнхан дуунд дуртай болж гитар, төгөлдөр хуур тоглож сурцгаасан. Тэр үед Ардын жүжигчин Б.Зангад гуай Оросын уран бүтээлч Угоровтой манай сургуульд ирж Хөгжим бүжгийн сургуульд орох хүсэлтэй хүүхдүүдээс шалгалт авахад нь би тэнцсэн. Гэтэл Чогдов гэдэг багш намайг “Шүд сайтай юм” гээд гларитын ангидаа авсан. Гэтэл тухайн үед хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай тус сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Тэр Чогдов багшийн гараас чимхээд “Чи гайгүй хүүхэд бүрийг түүж байдаг яадаг золиг вэ” гэж билээ.
–Гадуур явж байхад тань хэр олон хүн таньдаг вэ?
-Ховор. Магадгүй тоглолт эхлэх, өндөрлөх хоёрт л үзэгчид рүүгээ хардаг болохоор тэр байх. Чөлөөт цагаараа энд тэнд биллъярд тоглох, салхинд алхаж байхад ерөөсөө таньдаггүй. Тэгсэн хэр нь ээ аль нэг тоглолтын төгсгөлд хөтлөгч намайг танилцуулахаар “Өнөө Туулайхүү чинь ийм хүн юм уу” гэсэн шиг нижгэнэтэл алга ташдаг.
-Та дээр биллъярд тоглодог гэж хэллээ. Үүнийг таны хобби гэж ойлгож болох байх. Өөр нэг хобби фото зураг авах байх аа?
-Тийм. Их ажилтай ч стрессээ тайлахын тулд оройд нь снукер биллъярд тоглоно оо. Би өөрийгөө биллъярд тоглосон ч мэргэжлээ орхихгүй хүн юм байна гэж боддог.
-Яагаад?
-Удирдаачийн дохиурыг палкаар хийдэг шүү дээ. Тэгвэл биллъярдын цохиур ч бас палк. Тэгэхээр адилхан байгаа биз дээ (инээв). Гэхдээ биллъярд тоглох болсон шалтгаан нь шагай харваж байсанд байгаа юм. Би18 жил шагай харвасан. Эх орноо гурван удаа тойрсон.
-Зэрэгтэй юу?
-Байхгүй. Нэг удаагийн тоглолтод хашлагын шагайгаа оносноор харвахаа болъё гэж шийдсэн. Одооноос биллъярдыг мэргэжлийн түвшинд тоглохыг хичээж байгаа. Улам сонирхолтой ч болох юм билээ. Миний очиж тоглодог гурван газар бий. Дотны найз Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бид хоёр байнга тоглодог.
-Фото зургийн хувьд?
-Би 1967 оноос фото зураг авч эхэлсэн. Гэхдээ хамгийн гол нь тэдгээр зургаа гоё авах гэхдээ биш өөрийнхөө амьдралд тохиолдсон сонирхолтой баримтыг хальсандаа буулгахыг чухалчилдаг.
-Нэг үйл явдлыг тодруулбал?
-Сүүлийн үед хүн, байгалийн зураг авахаас илүү нийслэлд маань баригдаж буй барилгын зургийг авах сонирхолтой болсон. Гэтэл 2008 онд МАХН-ын байр шатсан шүү дээ. Тэгэхэд маргаашнаас нь эхлээд л зургийг нь авсан. Эхлээд долоо хоногийн зайтай авч байсан бол дараа нь сарын дараа гэх жишээний. Би үүгээрээ юуг харуулах гэсэн юм бэ гэхээр ямар нэгэн зүйл шүдэнз зурахад л хормын төдийд алга болдог юм байна. Харин бий болгоход олон жил, хэчнээн хүний хүч хөдөлмөр зарцуулагддаг вэ гэдгийг харуулах гэж авсан юм. Тэр бүхнийг харуулахад 200 гаруй кадр болсон.
-Хэчнээн аппараттай вэ?
-Оросын кинонд гардаг тагнуулын аппарат гэж ярьдаг шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй аппаратнаас эхлээд бий. Үнийн хувьд дээр үеийн ханшаар 300 төгрөг. Хамгийн сүүлд дээд тал нь 700 мянга орчим байгаа байх. Залуу байхад зураг авна, угаана, шарна. Өөртөө амрах зав өгөхгүй сайхан байлаа. Хамгийн сүүлчийн аппарат маань гар утас минь болж байна.
-Хамгийн сүүлд та ямар зураг авсан бэ. Магадгүй өнөөдөр?
-Ач, зээгийнхээ зургийг л авч байна даа. Намайг бага байхад янз бүрийн аппарат байсангүй. Байсан ч аав, ээж нэг их зураг авдаггүй байлаа. Хүний хамгийн бодит агшин зурган дээр үлддэг. Тиймээс ач зээ нарынхаа зургийг авч том болоход нь үзүүлэхийг зорьж байна.
-Та дохиураа цуглуулдаг уу?
-Цуглуулдаг. Дохиур гэдэг хувцастай адил зүйл. Тиймээс байнга солих шаардлагатай. Би жилд нэгийг хэрэглэдэг. Надад гадаадын нэг найз маань зааны соёогоор хийсэн дохиур бэлэглэсэн. 60-аад мянган ам. долларын үнэтэй гэсэн. Би түүгээрээ төрийн том тоглолтыг удирдахдаа дохидог.
-Танд ямар хэмжээний дохиур барихад тохиромжтой байдаг вэ?
-Би ажил, бэлтгэл хоёрт тус бүр нэг дохиур хэргэлдэг. Бэлтгэл хийхэд жижиг нь амар байдаг. Гэхдээ тухайн удирдаачийн шууны хэмжээтэй ижил байх хэрэгтэй. Том биетэй удирдаач богино дохиур эсвэл жижиг биетэй нь уртыг баривал тиймхэн харагддаг.
-Хувцасны хувьд?
-Фраг гэж хэлдэг. Удирдаачийн хувцсыг эртний дээдсүүд өмсдөг байсан гэдэг юм билээ. Надад хөлс гадагшлуулдаг зөөлөн материалтай фраг бий. Гэхдээ сүүлийн үед удирдаачид цэвэрхэн хар өнгийн срочкон цамц өмсдөг болсон байна билээ. Тэр нь ч цэвэрхэн харагддаг. Ер нь нас тогтсон хүн төрийн тоглолт л биш бол цамцтай дохих нь зүгээр.
-Олон цагаар зогсоход хөл нэлээд чилнэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Гурван цагийн тоглолтыг удирдаад зогсоход хөл бадайрдаг. Дараа нь суух гэхээр нугалардаггүй. Удирдаач болох гэж байгаа хүмүүс бие организм сайн байх хэрэгтэй. Мөн биеийн галбир, нүүр, нүдний хувирлалт сайхантай байх ёстой. Ирэх жил Хөгжим бүжгийн дунд сургууль дээд сургууль болох юм гэсэн. Тэр үед нь удирдаачийн анги нээе гэж ярьсан. Бараг бүтэх шинжтэй юм билээ. Жилд 50 гаруй хүүхэд л төгсгөнө. Түүнээс олон хүүхэд төгсгөх хэрэггүй. Мэргэжлээрээ ажиллах нь цөөн байдаг болохоор тэр. Хэрвээ намайг энэ ангийг нээвэл Хятад, ОХУ болон өөрийн улсын ирээдүйтэй хүүхдүүд орно гэсэн.
-Удирдсаны дараа ядаргаагаа хэрхэн тайлдаг вэ?
-Надад тэгж ямбалах зан байдаггүй. Гэртээ сайхан халуун цай, хоолоо идэх эсвэл ажлынхаа өрөөнд амрах л хангалттай.
-Удирдаачдын нүдний хараа сайн байдаг байх аа. Бүдэг гэрэлтэй орчинд олон давхар нотыг зэрэг харж байгаа юм чинь. Тийм үү?
-Сайн байхгүй л бол болохгүй шүү дээ. Ном уншиж байгаа хүн үг бүрчлэн уншдаг бол бид 60 давхар мөртэй нотыг хэдхэн секундын дотор гүйлгэж хардаг. Тэгэхгүй бол хөгжмөө гүйцэхгүй шүү дээ. Нэг том дуурийн нот гурван хуруу хэртэй зузаан дэвтрийн хуудас болдог. Би түүнийг хоёр цаг уншаад л дуусгадаг.
-Та удирдсан бүтээлүүдээсээ алинд нь илүү хайртай байдаг вэ?
-Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь. Би тэр үед 32-хон настай байлаа. Тийм залуу байхдаа тэр сайхан бүтээлийг удирдсан болохоор хайрлахаас өөр яах вэ дээ.
– Улсын филармоний дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн “Манай улсын удирдаачид гарын таван хуруунд л багтаж байна” гэж хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-1970 онд манай улсын луухгар удирдаачид удирдаачийн анги нээж хэдэн хүүхэд төгсгөсөн. Тэд өнөөдөр сайн ажиллаж байна. Тэднээс хойших үеийг нэрлэх гэхээр олдохгүй байгаа юм.
-Манай улсын төрийн түшээд сонгодог урлагийг хэрхэн харж үзэж байна вэ?
-Муу муу. Уг нь манай улсын сонгодог урлагийн суурь маш сайн тавигдсан юм шүү дээ. Даанч 1990 оноос хойш гаргуунд нь гаргачихсан. Цалин нь ч бага. Багш, эмч нар бослого гаргаад цалингаа нэмүүлж байхад бид наанаа болж байгаа царай гаргаад нэрэлхсэндээ чимээгүй суугаад байдаг. Биднийг чимээгүй суугаад байхаар тэд ч их дээрэнгүй хандах юм даа.
-Тэд гэж төрийн түшээдийг хэлж байна уу?
-Тийм. Дээх нь үед манай театрыг нураана гэж хүртэл ам ангайж байлаа.
-Тэгээд та нарыг хаана байрлуулах гэж тэр вэ?
-Яармаг эсвэл олон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын цаана нэг юм барьж өгнө гэж байсан. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэгж ярих юм бол манай театрын байр улсдаа хамгийн том түүх агуулсан байдаг. Жижиг ч театрт биш. Үүн шиг театрыг шинээр байгуулна гэвэл хэдэн ч хүн хэчнээн урт хугацаагаар оюунаа зарцуулсан ч барьж чадахгүй. Бид тэднээс ганцхан зүйл гуйж байгаа. Энэ нь зөвхөн цалин нэмэх.
-Энэ хүсэлтийг тань бид сайтаараа дамжуулж түшээдэд хэлнэ ээ. Харин одоо хоёулаа таны гэр бүлийн талаар ярилцвал ямар вэ?
-Гэр бүлийн хүнийг маань Х.Дэлгэрмөрөн гэдэг. Тус театртаа нэгдүгээр хийлчээр ажилладаг. Би эхнэртэйгээ оюутан цагаасаа хойш нар мандахаас, жаргах хүртэл хамт байна. Намайг 1978 онд орост очиход эхнэр маань хоёрдугаар курст сурч байсан юм. Бид хоёр хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байхдаа л танилууд байсан. Тиймээс эхнэрт бид хоёр гадаад оюутны дотуур байрны гэр бүлийн өрөөнд хамт амьдарч эхэлсэн.
-Та хоёр охинтой. Том нь тантай хамт ажилладаг байх аа?
-Тийм. Том охин Оргилцэцэг балетместер мэргэжилтэй. Аав, ээж хоёртойгоо хамт ажилладаг гэсэн үг. Бага охин Гэрэлцэцэг Москвагийн хөгжмийн сургуулийг төгссөн. Хүргэн А.Өлзий-Орших ч балетчин. Хамт ажиллаж байна даа.
-Тэгвэл танай гэр бүлийнхэн бүгд уран бүтээлчид юмаа даа?
-Тийм. Гэртээ очсон ч “Театрт маргааш тийм ажилтай. Тэгнэ ингэнэ. Чи өнөөдрийн тоглолтод гоё хөгжимдөж байсан. Сайн удирдсан” гэнэ. Эсвэл “Тэр хэсэгт нь алдаж байсан шүү” гээд зөвлөлдөнө. Нэг ажилтай болохоор ойлголцоход ч амар.
-Охидынхоо аль нэгийг нь өөр мэргэжилтэй болгоё гэж бодож байв уу?
-Бодсон. Бага охиноо өөр сургуульд оруулсан. Гэтэл бид урлаг яриад, бага охин маань өөр бодолтой болж, биднээс өөрийгөө тусгаарлаад эхэлсэн. Тэгэхээр нь бид буруу юм байна гэж бодоод хөгжмийн ангид оруулсан чинь улсдаа болсон уралдаанд түрүүлээд өөрийнхөө чадвараар ОХУ-ын сургуульд суралцсан юм. Бидэнтэй харьцах нь ч нэмэгдсэн.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлд тань өндөр амжилт хүсэн ерөөе!

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.