Дэлхий дахинд
Энэтхэгт онц ноцтой галт тэрэгний ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж байна
Энэтхэгт сүүлийн 20 гаруй жилд үзэгдээгүй онц ноцтой галт тэрэгний осол сүйрэл тохиолдож, үүний уршгаар амь эрсэдсэн хүний тоо, албаныхны сүүлд мэдээлснээр 280 гаруй болоод байна. Энэхүү осол сүйдэлд амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Одиша мужид гашуудал зарлаад байна.
Энэтхэгийн зүүн бүсийн Одиша мужийн Баласор хотод баасан гарагийн орой, орон нутгийн цагаар 19 цагийн орчимд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, хурдан галт тэрэгтэй мөргөлдөж, улмаар зам дээр зогсож байсан ачааны галт тэргийг мөргөжээ. Ихээхэн хэмжээний эвдрэл сүйдэл тарьсан энэ ослын улмаас наанадаж 900 хүн гэмтэж бэртсэн мэдээтэй байна. Галт тэрэгний сэг зэмүүд дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд аврагчид болон 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэтхэгт сүүлийн 20 гаруй жилд үзэгдээгүй нүд хальтрам энэ осол сүйдлийн улмаас амь үрэгдсэн хүний тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээлж байна. Төмөр замын сайд Ашвини Вайшнав амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 1 сая рупий буюу 12 мянган долларын тусламж үзүүлнэ гэсэн бол, хүнд хөнгөн гэмтсэн хүмүүст 50-200 мянган рупий олгох шийдвэр гарсныг мэдээлсэн байна. Мөн зарим мужийн засаг захиргаадын зүгээс нөхөн төлбөр олгохоо зарлаж байна. “Энэтхэгийн төмөр зам”-ын тэргүүн өмнө нь, Одишад болсон энэ осол хурдан галт тэрэгний вагонууд замаасаа гарснаас болсон гэдэг мэдээлэл өгсөн боловч вагонууд замаасаа гарсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна. Амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хохирогчдод шаардлагатай тусламж үзүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийж байна гэж мэдэгдсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр/2023.06.03/ Төмөр замын яамны удирдах албаныхныг оролцуулсан онц хуралдаан зарлан хуралдуулсны зэрэгцээ сүйрлийн газар дээр очиж байдалтай биечлэн танилцах төлөвлөгөөтэй байна. Энэтхэг улс дэлхийд хамгийн томоохонд орох төмөр замын сүлжээтэй.
Энэтхэгийн төмөр замын мэдээгээр, энэ сүлжээгээр өдөр тутам 13 сая гаруй хүнийг тээвэрлэдэг байна. Гэвч төрийн мэдэлд байдаг монопол энэ сүлжээний дэд бүтэц хэт хуучирч муудсанаас аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн доогуурт тооцогддог.
Хэдийгээр засгийн газар нь төмөр замын дэд бүтцээ сайжруулахад хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулдаг ч гэлээ галт тэрэгний осол өдөр алгасахгүй шахам гарсаар байдаг гэдгийг хэвлэлүүд дурдаж байна.
Энэтхэгт үүнээс өмнө хамгийн олон хүний аминд хүрсэн галт тэрэгний осол 1981 онд Бихар мужид гарч байсан байна. Даац хэтрүүлсэн зорчигч тээврийн галт тэрэг хар салхины үеэр замаасаа гарч, гол руу унаснаас наанадаж 800 хүн үрэгдсэн аймшигт осол болж байсан юм байна.
Дэлхий дахинд
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ
Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Паквачийн гүүр нурж, Нил мөрний эрэгт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеэр аврах багийн хоёр завь хөмөрсөн байна.
Цаг агаарын байгууллагаас нь лхагва гарагт хүчтэй аадар бороо орох урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохиог ажиллуулж, улс даяар томоохон авто замуудыг хаах арга хэмжээг авсан байжээ.
Тус улсад 12 жилийн өмнө мөн хөрсний гулгалт болж, 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг 700 гаруй хүн цэвэрлэж байна
-
Нийгэм7 цаг өмнө
УГТЭ: БНСУ-ЫН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧТАЙ ХАМТАРНА
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
-
Эдийн засаг18 цаг өмнө
Монголбанк: 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
-
Улс төр16 цаг өмнө
Эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв