Бусад
Харшил, цус багадалт зэрэг хүүхдийн өвчин хаврын улиралд сэдрэх магадлал өндөр

Урь наашилж, өдөр уртассан энэ өдрүүдэд “Хаврын ядаргаа”гэх үг хүмүүсийн амнаас гарах болов. Нойр ханахгүй байх, нозоорох, аливаад идэвхгүй болох, сэтгэл санаа тавгүйтэх гээд шинж тэмдэг илрэх нь элбэг. Тэр дундаа хавар цагт хүүхдүүд хамгийн их ядардаг аж. Учир нь энэ улиралд нарны тусгал хурц, болж, цаг агаар хэлбэлзэж эхлэхэд хүний бие дасах гэж ихээхэн хүч зарцуулдаг гэнэ.
Энэ үед бидэнд тэр дундаа хүүхдүүдэд нэмэлт тэжээл хэрэгтэй юу. Энэхүү асуултын хариуг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн хүүхдийн эмч З.Оюундэлгэрээс тодрууллаа.
-Хаврын улиралд хүүхдүүд ядарч, сульдах, дархлаа муудах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь цөөнгүй. Тэр үе заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай юу эсвэл хоол тэжээлээсээ нөхөх үү?
-Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалж витамин буюу нэмэлт тэжээл хэрэглэх эсэхийг шийднэ. Хаврын улиралд хүүхдүүдээс гадна эцэг эхчүүд ч ялгаагүй хоёр улирлын заагт хувцаслалтаа зөв тохируулж чаддаггүйгээс болоод бие махбод өөрчлөлтөд орж, тэнцвэргүй байдалд ордог. Уг нь хувцаслалт, хооллолт зэргээ зохицуулж, тохируулж чадвал хүүхдэд урьдчилан сэргийлэх эм тариа, витамин хэрэглэх шаардлагагүй. Харин харшил, цус багадалт, суурь өвчтэй хүүхдүүдийн өвчин хаврын улиралд сэдрэх магадлал өндөр байдаг гэдгийг анхаараарай.
Мөн рахиттай буюу сульдаа, цус багадалттай хүүхдүүдийн эцэг эх Д витаминыг урьдчилан сэргийлэх байдлаар өгөөд давтан үзүүлж, дахин эмчилгээ шаардлагатай эсэхэд анхаарах хэрэгтэй. Хэрэв Д витамин дутагдсан бол эхний ээлжид эмчилгээний тунгаар өгөөд дараагаар нь эмчилгээгээ тогтоож, алдахгүй байхын тулд барих тун тогтмол хэрэглэж байж тогтворжино. Мөн витаминыг заавал тусгай эм бэлдмэлээс авах шаардлагагүй. Хоол тэжээлээс авбал зохино. Жимс, хүнсний ногоо, өндөг, мах зэрэг нь монгол хүний биеийн онцлогт илүү үр өгөөжтэй.
-Витаминууд капсултай, хатуу шахмал, сиропон, омега гээд олон янз байдаг. Эдгээрийн аль нь илүү үр дүнтэй вэ?
-Нэн түрүүнд тухайн бэлдмэл хүүхдэд харшлах эсэхийг нь найрлага заавраас хараад сонгож өгөх ёстой. Жишээ нь, чихэрлэг зүйл хэрэглэхээр тууралт өгч харшлах хандлага ажиглагддаг бол сироп, чихэрлэг витамин аль болох хэрэглэхгүй байхыг бодоорой. Яагаад гэвэл түүнийг хэрэглээд харшлынхаа суурийг сэдрээчихвэл витамин өгөх биш харин ч хор уулгачихлаа гэсэн үг.
Сайн гэсэн болгоныг хэрэглээд байж болохгүй. Тэдгээр бэлдмэлүүдийг зөв хэрэглэвэл эм болж, буруу хэрэглэвэл хор болдог гэдгийг эцэг эхчүүд анхаарвал зохино. Тухайн хүүхдийн онцлогт таарсан, хэрэглэж чадахуйц бэлдмэл хэрэглэвэл зүгээр. Гэхдээ Монголд байгаа, орж ирдэг ихэнх бүтээгдэхүүнүүд орц найрлагын хувьд хоорондоо төстэй байдаг. Омегагийн тухайд тархины үйл ажиллагаа сайжруулдаг учраас сурч байгаа хүүхдүүдэд тустай.
-Нэмэлт витамин болон өндөр өртөгтэй жимс, ногоо авч хэрэглэх боломжгүй өрхийн хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тэдгээр хүүхдүүдэд зөвлөхөд үнэ өртөг бага хэр нь хоолондоо холиод хэрэглэдэг жижигхэн бэлдмэлүүд бий. Нэг хэсэг Засгийн газрын хөтөлбөрийн дагуу нэмэлт тэжээл шаардлагатай айл өрх болгонд тараадаг байсан. Хэрэглээний хувьд хязгаарлагдмал байдаг өрхүүд бэлдмэлийн талаар судалж олж авах боломжтой. Мөн мульти витаминуудыг нэгээс хоёр cap хэрэглэж болно. Үнийн хувьд ч харьцангуй хямд бөгөөд олон төрлийн найрлагатай байдаг.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.