Нийгэм
ГЕГ: Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
Гаалийн ерөнхий газар 2023 оны эхний тавдугаар сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9768.6 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 2547.6 сая ам.доллар буюу 35.3 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2842.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.
“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.
Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;
Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;
Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.
Нийгэм
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.
Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр боллоо.
Хурлаар:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг
- Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ.
Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм.
Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.
ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.
Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав.
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна.
Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.
АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА
Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож, 665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна.
УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
-
Нийгэм20 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр20 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр20 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд40 мин өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ