Нийгэм
Б.БАЯРСАЙХАН: Соён гэгээрүүлэх салбарт авлигын асуудал байж болохгүй, сайн бүхний жишиг байж манлайлах ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удаан хугацаанд Төрийн нарийн бичгийн даргагүй байснаас танай салбарт олон ажил гацаж, ялангуяа томилгоо хийгдэхгүй байгаа гэсэн яриа гарсан. Салбар зөвлөлөө байгуулж чадсан уу. Ажилдаа орсноос хойш ямар ажил амжуулаад байна вэ?
-Ажилдаа буцаж томилогдоод яг хоёр сар болж байна. Энэ хугацаанд яамныхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, бусад төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг шуурхай, чанартай хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Засгийн газраас сахилга хариуцлагыг сайжруулах, Төрийн албаны зөвлөлөөс манай яамны салбар зөвлөлийг байгуулах, мөн яамны болон салбарын хүний нөөцийн асуудлыг цэгцлэх чиглэлээр тогтоолууд гарч шуурхай төлөвлөгөөтэй шийдэх үүрэг даалгавар өгсөн. Яамныхаа салбар зөвлөлийн ажлыг эхлүүлэн, үүрэг гүйцэтгэгч болон түр ажиллаж байгаа албан тушаалуудад сонгон шалгаруулалт явуулж өгөх захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгсөн. Шалгалтууд энэ долоо хоногоос эхлэн явагдаж байна. Ажлын байрны сонгон шалгаруулалтын захиалга өгөхдөө ажлын байранд тавигдах шаардлагыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны шинэ хуульд нийцүүлэхийг Төрийн албан зөвлөлөөс үүрэг болгосон. Мөн яаманд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх чиглэл өгсний дагуу тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
-УИХ ирэх оны төсөв хэлэлцэж байна. Танай яамны хөрөнгө оруулалтын зардал төсөвт хэр туссан бэ?
-Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 29 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж, улсын хэмжээнд 47 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр үүнийг шийдэх боломжгүй. Засгийн газар 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжтэй болгох, бүх хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах зорилт тавьсан. Үүний дагуу 2018 онд 262,2 тэрбум төгрөгийг боловсролын салбарын хөрөнгө оруулалтад баталж, 275 төсөл арга хэмжээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэгдээд явж байна.
Сургууль цэцэрлэгийн хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Бид хүн амын өсөлтдөө нийцүүлж төвлөрлийг сааруулах, орон нутагтаа сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотдоо хүрэлцээтэй сургууль, цэцэрлэгтэй болох зайлшгүй шаардлагатай байна.
-Ирэх намар гэхэд бүх хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах зорилтдоо хүрэхийн тулд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай юм байна даа?
-Ц.Цогзолмаа сайд салбарын хөрөнгө оруулалтын ажлаа эрчимжүүлэх, чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажлын хэсгүүд байгуулсан. Сайд, дэд сайд болон миний бие ажлын хэсэг ахлаад хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцан, хугацаанд нь чанартай хийлгэхээр шалгаж, гүйцэтгэгч компаниудыг шахаж байна. Дэд сайд гэхэд хөдөө орон нутагт баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын явцтай биеэр очиж танилцаж, нэлээд хэдэн аймагт ажиллалаа. Миний хувьд энэ ондоо ашиглалтад орох 53 объектдоо анхаарч, биечлэн танилцаж, асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тендерт шалгарсан компаниуд дотор ажилдаа сэтгэлгүй, удаан хойрго хандаж байгаа газрууд байна. Хувийн орон сууц биш сургууль цэцэрлэгийн барилга барьж байгаагаа ухамсарлан, аав ээжийн сэтгэлээр хандах хэрэгтэй. Ажлаа цаг хугацаанд нь хийхгүй байгаа, гацааж байгаа, чанаргүй гүйцэтгэж байгаа компаниудын нэрсийг Сангийн яаманд хүргүүлж хар дансанд оруулж, зарлах болно.
-Ерөнхийлөгч хэд хэдэн удаа хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Сургалтын орчны аюулгүй байдлын стандарт боловсруулах үүргийг танай яаманд өгсөн. Энэ ажил хэр урагштай байна вэ?
-Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн өмнөх боловсролын орчны стандартыг боловсруулж батлуулаад түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжөө холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчны эрсдэлийн үнэлгээг улс даяар 100 хувь хийгээд байна. Арваннэгдүгээр сард багтаан энэ төслөө дуусгаад Стандарт хэмжилзүйн газарт хүлээлгэж өгнө. Ингэснээр цаашид шинээр баригдах сургуулиудыг батлагдсан стандартын дагуу барих юм. Одоо байгаа сургууль, дотуур байрыг стандартад нийцүүлж засч сайжруулан хүүхдэд аюулгүй орчин бий болгох ажлыг хийнэ.
-Сургууль цэцэрлэг ямар нэг арга хэмжээ төлөвлөж түүндээ зориулан эцэг эхээс мөнгө хураадаг байдал байсаар байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Эцэг эхээс зохион байгуулалттайгаар мөнгө авах нь хууль, журмын хүрээнд хориотой асуудал. Яамны зүгээс үүнийг хараад зүгээр суудаг биш, зохих шийдвэр, журам гаргадаг, үүрэг, чиглэл цэцэрлэг сургуульд өгдөг, хэрэгжүүлэхийг шаарддаг, хянадаг. Энэ шийдвэр, үүрэг даалгаврыг цэцэрлэг, сургуулийн удирдлага хэрхэн биелүүлж байгаад эцэг эх хяналтаа сайн тавьдаг баймаар байна. Мөнгө хураах санаачилгыг зарим үед эцэг эхчүүд өөрсдөө гаргадаг. Хэдхэн хоногийн өмнө Halloween-ыг тэмдэглэхгүй байх чиглэлийг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын байгууллагуудад өгсөн.
-Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтны хувьд танаас яамны болон салбарын асуудлыг хамтатган асуугаад байгааг ойлгох байх. Дээд боловсролын чанарын асуудлыг та хэрхэн үнэлдэг вэ? Бодлогын хувьд яамнаас одоо хийж буй ажил өмнөхөөс дэвшил гарч байгаа юу?
-Их дээд сургууль нэгэн цагт хэт их олширч 2011 онд 180 хүрч байсан удаатай. Дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, байр, лаборатори, техник тоног төхөөрөмжтэй байх, төгсөгчид нь ажил эрхлэлт өндөртэй байх зэрэг шаардлагыг сайжруулснаар энэ оны байдлаар төр, хувийн нийлээд 96 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бодлогын хувьд дээд боловсролын байгууллагыг иргэнд чанартай мэргэжил эзэмшүүлэх, судалгааны сургууль болгох, инновацийг хөгжүүлэх, дэргэдээ гарааны компаниудтай болох, оюутнаа дэмжсэн, хөгжүүлсэн байхыг шаардаж байгаа. Энэ үүднээс саяхан Засгийн газраар судалгааны их сургуулийн хөтөлбөрийг батлуулсан. Ц.Цогзолмаа сайд жилийн өмнө 18 сургуульд үнэлгээ хийгээд 9 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, таван сургуулийг нэгтгэсэн шийдвэр гаргасан. Энэ зоригтой алхам зөв шийдвэр болсон.
Их, дээд сургуулиудаас олон улсад байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ хийлгэн зөвшөөрөгдөж байгаа нь дээд боловсролын чанарын шинэчлэлийн дэвшил юм.
-Саяхан хоёр сургуулийн захирал авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байна шүү дээ?
-Манай яамны харьяанд ерөнхий боловсролын 41 лаборатори сургууль, Кембрижийн сургалттай гурван сургууль бий. Бусад нь нийслэл дүүрэгтээ харьяалагддаг. Хоёр захирлын тухайд яамны асуудал биш ээ гээд өнгөрөх арга байхгүй. Хэчнээн цалин бага байлаа гээд хүүхдийг хайрлахгүй, хүндлэхгүй байж болохгүй. Тэр тусмаа боловсролын салбарт авилга хүнд суртал огт байх ёсгүй. Нэр бүхий захирлуудын хувьд хууль хяналтын байгууллага шалган шийдвэрээ гаргана. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжиж, 2019 оныг манай яам Авлига, хүнд суртлын эсрэг жил болгон зарлахаар төлөвлөж байна. Соён гэгээрүүлэх яамны хувьд бид үлгэрлэн манлайлж, сайн сайхныг түүчээлэн ажиллах ёстой.
Сүүлийн үед төрийн яамны албан хаагчид хууль зөрчих, элдэв ёс бус ажиллагаанд оролцох хандлага ихсээд байх шиг. Хэд хэдэн яаманд ийм үйлдэл гарч байна. Та яамныхаа албан хаагчдыг шударга, сайн ажиллуулах чиглэлээр хэрхэн санаа тавьж байна?
-Сарын өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн албаны удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөн зохион байгуулсан. Гадаад орнуудын сайн туршлагаас суралцсан үр дүнтэй зөвлөгөөн болсныг онцлон хэлмээр байна. Сингапурын төрийн албаны сургуулийн захирал асан Дэвид Ма хэлэхдээ, Тус улсын төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад хамгийн гол шалгуур нь хандлага нь зөв хүн үү гэдгийг сайтар шалган тодорхойлдог гэж хэлсэн. Төрийн алба нь англиар Civil Service буюу төрийн яамны албан хаагч, ажилтан гэдэг бол иргэн хүнд үйлчлэх үндсэн үүрэгтэй юм. Төрийн албан хаагч төрийн албанд орохдоо тангараг өргөдөг, энэ тангаргаа ягштал биелүүлж, Төрийн албаны хуульд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Би яамны албан хаагчдаас хууль биелүүлэх, шударга байх, мэргэшсэн байх, ёс зүйтэй байх, чадвартай байх, санаачлагатай ажиллахыг шаардаж байгаа. Манай яаманд ийм албан хаагч олон бий.
-Нийгмийн чанартай олон ажилд та манлайлан оролцож байгаа харагддаг. Үндэсний өгөх өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг санаачилсан хүний хувьд хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ миний төрийн ажилтай огт холбоогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Анх Үндэсний өгөх өдөртэй байя гэсэн санаачилга гаргаснаас хойш ес дэх жилдээ хүмүүнлэгийн ажлыг найз нөхдийн хамт зохион байгуулж байна. Улстөржихгүй, шашинжихгүй зарчимтай. Тэр утгаараа олон сайхан сэтгэлтэй хүн, байгууллагууд дэмжин нэгддэг. Нийгмийг сайн сайхан руу соён гэгээрүүлэхэд уриалах нь бидний эрхэм зорилго. Сүүлийн гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гадуурхахгүй байх “Бид бүгдээрээ адилхан”, хүүхдийг цахим орчны хорт нөлөөнөөс хамгаалах “Цахим гадуурхал цаашаа” уриатай төслийг амжилттай хийсэн. Ноднин жил Лантуун дохио төрийн бус байгууллагатай хамтран “Нүдээ нээ” төслийг дэлхийн 35 оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд дэмжин нэгдсэн. Энэ жилийн Үндэсний өгөх өдөр “#ЭерэгБолГоё” уриатай.
-Эерэг бол гоё, эерэг болгоё гэсэн давхар санаа агуулсан уриалга шиг санагдлаа. Гол утга санаа нь юу вэ?
-Зохион байгуулагч нар нь “аливаа байгууллагуудад эерэг харилцааг бий болгох, хүнд суртлыг устгах, бие биенээ хүндэтгэх, уучлалтай хандах, цахим орчинд сөрөг пост, коммент оруулахгүй байх, хүүхэд залуусаа эерэг харилцаанд төлөвшүүлэх, зааж өгөх, уриалах гээд сөрөг хандлага их болсон энэ нийгмийг эерэг болгоход уриалсан” олон ажлыг нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Лантуун Дохио ТББ, Монголын Үндэсний Маркетингийн холбоо, Брэйнсторм агентлаг, Номын Ертөнц ТББ, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо гээд төрийн болон төрийн бус олон байгууллага нэгдэн оролцож байна. Манай яамны зүгээс үүнийг хууль журмын хүрээнд дэмжин ажиллана. Цагдаагийн Ерөнхий газар гол үүрэгтэй түүчээлэн оролцож байгаад баяртай байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно