Дэлхий дахинд
Мэрилин Монрогийн даашинзны хормойг санагдуулам загвартай эко
Лос-Анжелес хотын төвд “Дэлхийн хамгийн эко цамхаг” гэх тодотголтой нэгэн гайхалтай уран барилга тун удахгүй сүндэрлэн босох гэж байна. “Sky Trees” нэртэй уг цамхагийг Австралийн “Crown” группийн “Койчи Такада” төслийн багийнхан зохион бүтээсэн бөгөөд энэ сарын 14-нд энэхүү бүтээлийнхээ талаар дэлхий нийтэд танилцуулсан байна.
Дэлхийн хамгийн өндөр төдийгүй хамгийн урт настай улаан модыг оролцуулж барих бөгөөд ингэснээр байгальд ээлтэй, амьсгалдаг ханатай, энд ажиллаж, амьдрах хүмүүстээ ээлтэй барилга болох аж.
Төслийн багийнхан ч барилгынхаа амьсгалдаг ханыг илүүтэйгээр онцолж байсан. Мөн цамхгийн доод хэсэг долгиолон дэрвэж буй мэт загвартай бөгөөд үүнийг “Seven Year Itch” киноны хэсэг болох холливуудын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн даашинзны хормойноос санаа авжээ.
“Sky Trees” нь хоёр цамхагаас бүрдэх ба эхнийх нь 70 давхар бол хоёр дахь нь эхний барилгын талтай тэнцэхүйц өндөртэй байх аж. Нийт 52,397 ам.метр талбайтай бөгөөд орон сууц, дэлгүүр, үйлчилгээний газраас бүрджээ. Мөн цамхгийн дээвэр хэсгийг цэцэрлэгжүүлж, ногоон төгөл бий болгох аж. Иймээс дэлхийн олон орны архитекторууд энэхүү цамхагийг Лос-Анжелес хотын төв дэх хамгийн эрүүл орчинг бий болгож чадна гэж дүгнэсэн байна.
Ташрамд сонирхуулахад, “Sky Trees” нь “Crown” группийн 4 дэх том төсөл бөгөөд анх удаа АНУ-ын хөрөнгө оруулалтыг авсан бүтээл нь энэхүү цамхаг юм байна.
Дэлхийн хамгийн өндөр модонд тооцогддог энэхүү улаан хүрэн өнгөтэй модыг Калифорни мужид интерьер дизайнд илүүтэй хэрэглэдэг юм байна.
Эх сурвалж: Барилга.мн