Бусад
Б.Ганзориг: Бидний зорилго бол “халтуурчид” хэмээн цоллуулдаг жолооч нарыг цэгцэлж, нэг дэгт оруулах

Гар утсанд суурилсан такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч “ABA” аппликэшний таксины үйлчилгээг түр зогсоожээ. Зах зээлд шинээр нэвтэрсэн уг үйлчилгээг яагаад зогсоосон талаар “DTS service” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос тодрууллаа.
-“ABA” такси дуудлагын үйлчилгээг түр зогсоосон гэсэн. Ямар шалтгаанаар үйлчилгээг зогсоов, энэ талаар дэлгэрүүлбэл?
-Манайх өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн дуудлагын такси үйлчилгээ үзүүлэх аппликэшн буюу “ABA”-г зах зээлд нэвтрүүлсэн. Энэ хугацаанд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болоод байсан ч нийслэлийн Тээврийн газраас манай дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай шийдвэрийг саяхан ирүүлсэн. Үүний шалтгааныг такси үйлчилгээний стандарттай холбон тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, такси үйлчилгээ үзүүлэгч нь зөв талдаа жолооны хүрдтэй, симфортой гэх мэт стандартууд бий. Гэхдээ бид таксины компани биш учир тэрхүү стандартыг мөрдөх шаардлагагүй гэж үзэн үйлчилгээгээ эхлүүлээд байсан.
-Олон нийтийн сайн мэдэхээр UBER аппликэшнтэй төстэй үйлчилгээ үзүүлэгч гэж ойлгож байгаа. Гаднын улсуудад энэ бол хэдийн нэвтэрсэн үйлчилгээ. Гэтэл манай улсад энэ талын зохицуулалт байдаггүй гэсэн үг үү?
-Гол асуудал нь улсын хилээр орж ирээд байгаа баруун жолооны хүрдтэй машинаар хүмүүс хувиараа такси үйлчилгээнд явж болоод байхад тэдгээрийг зохицуулж, бүртгэлжүүлж байгаа манайх шиг аппликэшнуудыг хаагаад байгаа нь асуудал. Гэхдээ бид Нийслэлийн Тээврийн газарт дуудлагын такси үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргасан. Албан ёсны зөвшөөрлөө авсны дараа дуудлага орж ирэх бүрд түүнийгээ симфортой буюу албан ёсны таксинууд руу илгээх үүрэг хүлээхээр болж байна. Угаас дуудлага нь хангалттай байдаг таксинууд руу шилжүүлэхэд хүрэлцээний асуудал мөн хөндөгдөнө. Гэтэл хувийн машинаараа такси үйлчилгээ явуулдаг иргэд нь замын түгжрэл үүсгэн байж, гар өргөх хүнийг хайсаар байна шүү дээ. Үүний шийдэл нь бэлхэн байхад зохицуулалт нь алга.
Бидний шийдэхийг зорьсон гол асуудал нь “халтуурчид” хэмээн цоллуулдаг жолооч нарыг цэгцэлж, нэг дэгт оруулах юм. Ингэснээр зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг хангах боломжтой. Мөн дуудлагаар очдог болсноор замын түгжрэлийг ч тодорхой хэмжээгээр бууруулж болно. Хамгийн чухал нь татвар төлдөг, нэгдсэн стандартыг бий болгох боломж бүрэн бий. Бид бүртгэлтэй жолооч нартаа соёлтой үйлчил, машинаа цэвэрхэн байлга гэх мэт шалгуурыг хэлдэг.
-Одоо ямар үйлчилгээ явуулж байна вэ?
-Буухиа хүргэлт буюу гараас гарт хүргэх үйлчилгээ болон дуудлагын жолооч үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
-Такси үйлчилгээний зах зээлийн ирээдүйг юу гэж харж байна вэ?
-Такси компани байх ёстой. Энэ бол хотын өнгө төрх. Үүний зэрэгцээ яагаад буруу хүрдтэй машинуудыг цэгцэлж, бүртгэлжүүлэн дуудлагын такси үйлчилгээг нэвтрүүлж болохгүй гэж. Тиймээс аль аль нь л байх ёстой. Нийслэлд явж буй машины ихэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй, гэтэл такси үйлчилгээнд заавал зөв талдаа хүрдтэй машин явна гээд заачихсан байдаг. Тиймээс зохицуулалтаа шинэчлэн, зах зээлийг эрэлтийг хэрхэн хангаж болох хувилбарыг ч бодолцож үзэх хэрэгтэй болов уу.
Мөн Засгийн газраас саяхан хувиараа такси эрхлэгчдийг торгохгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл хувиараа такси үйлчилгээ үзүүлж буй жолооч нараа бүртгэлжүүлэн, такси үйлчилгээг ухаалаг утсанд суурилан шинэ шатанд гаргаж буй компанийг нь төрийн байгууллага торгох нь хэр нийцтэй вэ. Үүнд сэтгэл дундуур байна. Зах зээлд нэг талаас хэрэглэгчдийн эрэлт байна, нөгөө талаас хувийн машинаараа таксинд явж буй жолооч их байна. Харин манай аппликэшн тэднийг холбох гүүр болох юм. Мөн хэрэглэгчдийн санал гомдол ирвэл тэр даруйд нь шийдвэрлэж өгөх, төлбөрийн тооцооллыг жолооч бус аппликэшн өөрөө хийдэг учраас илүү төлөлтийн асуудалгүй, хэрэглэгчид ч ам сайтай байдаг.
Саяхан цагаан сарын өмнө гадаадын хоёр иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсан байсан. Хэрвээ тэд манай аппликэшнийг ашигласан бол тийм асуудал үүсэхгүй, төлбөр нь шударгаар тооцогдоод аюулгүй зорчих боломжтой байсан.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.