Бусад
“39 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй”

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг өчигдөр Нийслэлийн Боловсролын газар, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан гэсэн харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Сайд хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийнэ. Нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажилла. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ гэдгийг хатуу санууллаа.
ЦӨМ хөтөлбөрийг өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ
Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын ЦӨМ хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.
Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийг 18,000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2.5 дахин буурч байгаа үзүүлэлт юм.
Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлага байгаа учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их, дээд сургууль, өөрийн үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг. Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. Таван байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг Сайд анхааралдаа авч шийдвэрлэхийг зорино гэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.