Дэлхий дахинд
Америк, Зөвлөлт, Хятадын дараа саран дээр буусан дөрөв дэх үндэстэн Израйль болно
Есөн сая хүн амтай жижигхэн Израйль улс удахгүй саран дээр хөл тавьсан дөрөв дэх үндэстэн болж, АНУ, хуучин ЗХУ, Хятадын дараа түүхэнд нэрээ үлдээх гэж байна.
Бараг арван жил ажилласны эцэст израйльчуудын бүтээсэн сарны хөлөг Улаанбаатарын цагаар өнөө шөнө АНУ-ын Канавералын хошуунаас SpaceX компанийн Falcon 9 пуужинд тээвэрлэгдэн хөөрнө.
Уг аялалын зорилго нь 1960-аад оны АНУ-ын Аполло аялалынхтай ижил Израйлийн хүүхэд залуучуудыг шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн салбарт сонирхолтой болгох, үндэсний бахархлыг өргөхөд чиглэж байгаа юм.
SpaceIL ашгийн бус байгууллагын ерөнхийлөгч, уг төслийг $40 саяар санхүүжүүлсэн Моррис Кан “Бид Орос, Хятад, АНУ-ын дараа Израйлийн далбааг саран дээр байрлуулж түүхийг бүтээх ба ингэснээрээ хойч үеийнхэндээ урам зориг, итгэл найдвар өгөх юм” хэмээн ярьж байна.
Түүнээс гадна еврей гаралтай америк доктор, филантропич Мирриам Аделсон, түүний нөхөр казиногийн магнат Шелдон Аделсон нар $24 саяыг хандивлажээ.
“Израйль улс болон нийт еврей хүмүүсийн хувьд түүхэн чухал цаг ирээд байна” гэж доктор Аделсон мэдэгдэлдээ онцолсон байна.
Саран дээр буух хөлгийг Beresheet (еврей хэлээр “эхлэл” гэсэн үг) гэж нэрлэжээ. SpaceX компанийн пуужин уг хөлгийг бусад ачааны хамт дэлхийгээс хөөргөнө.
Пуужинг дэлхийгээс хөөрснөөс 30 орчим минутын дараа буюу 60,000 км-ийн өндөрт хүрэх үед Beresheet хөлөг пуужингийн эх биенээс салах юм. Дараа нь тэр тойрог замд хоёр сар орчим аялсны дараа саранд хангалттай ойр зайд хүрээд газардах ёстой.
Ойролцоогоор дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сарны дэлхий рүү харсан гадаргуу дээр хөлөг бууна. Газардсаныхаа дараа Beresheet хөлөг нь сарны гадаргын зургийг буулгаж, соронзон орныг хэмжиж дэлхий рүү илгээх ба үүнд ердөө хоёр хоног зарцуулах гэнэ. Үүнийхээ дараа Beresheet хөлөг еврей үндэстний таних тэмдэг, бэлгэдэл бүхий гурван дискийг хадгалан тэндээ үлдэх ажээ. Хэзээ нэгэн цагт Израйлийн сансрын нисгэгчид саран дээр анх удаа хөл тавихдаа хөлөг дээр очино гэж тооцоолсон байна.
Саран дээр үлдэх гурван дискэнд Израйль улсын тусгаар тогтнолын тунхаг, ардын дуу, израйль хүүхдүүдийн зурсан зураг зэрэг үндэстнийх нь таних тэмдэг болсон материалууд хадгалагдаж байх юм.
1966 оны ЗХУ, 1969 оны АНУ, 2013 оны Хятадын саран дээр газардсан үйл явдлуудыг бүгдийг засгийн газар нь санхүүжүүлсэн байдаг. Харин Израйлийн сарны аялалыг санхүүжүүлэхэд хувь хүмүүс голлон оролцсоноороо онцлог юм. Төсөлд нийт $90 саяыг зарцуулснаас ердөө $2 саяыг Израйлийн засгийн газар гаргажээ. Хөлгийг уг нь Google компанийн Lunar X Prize уралдаанд зориулж бүтээсэн байна. Гэвч 2018 оны гуравдугаар сард Google уг уралдаанд ирсэн бүтээлүүдийг шаардлага хангаагүй гэж үзээд ялагч тодруулалгүй орхижээ. Харин еврей бизнесмэнүүд төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлж, өнөөдрийн үр дүнд хүргээд байгаа юм.
Энэ оны сүүлээр Энэтхэг улс мөн саран дээр станцаа буулгах төлөвлөгөөтэй байгаа. Ийнхүү сарыг эзэмших их гүрнүүдийн өрсөлдөөнд Израйль улс нэмэгдэж байна.
Эх сурвалж: The Guardian