Энтертайнмент
“Хурд” хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “Хурд” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны долоодугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2023” үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор боллоо.
Ийнхүү 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг наадмын үдэш төв талбайд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлж, монголын ард түмэнд түүхт 30 жилийн ойн бэлгээ барина. Дашрамд дуулгахад тус тоглолтыг “UBS” телевиз өөрийн эфир болон сошиал хуудсаараа дамжуулан орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол түмэндээ хүргэнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.