Нийгэм
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог байна.
Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэгийн агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно