Дэлхий дахинд
Ирак улс $2.5 тэрбумын татварын орлого хулгайлсан экс төрийн албан хаагчдаа Интерполоор эрэн сурвалжлуулна
Татварын орлогоос $2.5 тэрбумыг хулгайлаад зугтсан экс төрийн албан хаагчдаа Интерполоор эрэн сурвалжлуулах гэж байгааг Иракийн засгийн газар мэдээлжээ.
Тэдгээрийн дотор тус улсын сангийн сайд, тагнуулын газрын дарга асан хүмүүс байгаа юм байна.
Эрэн сурвалжлагдаж буй сэжигтнүүд 2021-2022 оны хооронд татварын сангаас $2.5 тэрбумтай тэнцэх мөнгийг хувьдаа завшсан гэнэ.
Дэлхийн хамгийн их авлигажсан улсуудын нэгд тооцогддог Иракийн хэмжүүрээр ч энэ нь маш өндөр тоо юм.
Иракийн авлигатай тэмцэх албаны тэргүүн Хайдер Ханун сэжигтнүүдийг Интерполоор эрэн сурвалжлуулах шийдвэрээ Ням гарагт зарлажээ.
Өнгөрсөн оны сүүлээр тус улсад шинэ засгийн газар байгуулагдсанаар энэхүү томоохон хулгайн хэрэг илэрч байсан юм.
Одоогийн ерөнхий сайд Мохаммед Шиа Аль Судани төрд нүүрлэсэн авлигын гамшигтай шийдвэртэй тэмцэх, газрын тосны орлогыг олон жилийн турш хулгайлсан гэмт хэргийн сүлжээг илрүүлэхээ амлаад байгаа.
Суданигийн томилсон шүүгч Ханун тус улсын засгийн газар сэжигтнүүдийг шилжүүлэн авах асуудлаар Арабын Нэгдсэн Эмират, Турк, Йордан, Саудын Араб, Их Британи, АНУ улсуудтай хамтран ажиллаж байгааг мэдэгджээ.
Интерполоор эрэн сурвалжлуулах сэжигтэн тус бүр хамгийн багадаа 100 тэрбум ирак динарыг ($77 сая) татварын орлогоос завшсан болохыг Ханун мэдээлсэн юм.
Уг луйварт нийтдээ 48 хүн холбогджээ.
Луйврын гол эздийн нэг болох бизнесмэн Нур Зухейр 2022 оны арваннэгдүгээр сард батлан даалтаар суллагдсанаасаа хойш 380 тэрбум динар ($292 сая) буцааж төлснийг Ханун баталсан байна.
Зухейрын хэрэг эцэслэн шийдэгдээгүй бөгөөд түүнийг дахин баривчлах эсэхийг шүүх удахгүй шийдвэрлэх гэнэ.