Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна.
Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн болон одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм” гэв.
Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон, 823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж, 6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ.
2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100 116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ.Үүний үр дүнд энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийн автобусны 17 хувийг тус тус шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна.
Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш 9 сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.
Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна.
Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ.
Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг 6 томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Манай улсын эдийн засаг болон төсөвт жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс нийслэлчүүддээ зориулан “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг Улсын драмын эрдмийн театрт нээсэн байна. Мөн Уурхайчин соёлын ордны уранбүтээлчид, үйлдвэрийн урансайханчид “Хайрлан жаргах эх орон” концертоор ая дууны бэлэг барих гэж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад14 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна