Дэлхий дахинд
Израил улс Газын зурвасын өмнөд бүсээс хүмүүсийг гарч явахыг анхааруулав
Израилын хүчнийхэн Газын зурвасын өмнөд бүсэд ажиллагаагаа тэлэх үүднээс эндэхийн хамгийн том Хан Юнис хотоос гарч явахыг хүмүүст анхааруулж эхэлсэн байна.
Израилын дайралтууд эхлээгүй байх үед 400 мянгаад хүнтэй байсан Хан Юнис сууринд одоогийн байдлаар Газын зурвасын бусад бүсээс дүрвэж очсон нэг сая гаруй хүн байгаа юм байна.
Израилын талаас аюулгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан энэ бүс нутагт өчигдрийн туршид байгаа газраа нэн даруй орхин явах анхааруулга бүхий хуудас тараажээ.
Мөн Газын зурвас даяар түлшний нөөц шавхагдсанаас тог цахилгаан, цаашлаад холбоо харилцаа, интернэт бүрэн тасарсан, Рафах боомтоор хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх ажил мөн үүнээс үүдэж саатсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
“Ройтерс”-ийн мэдээгээр Израилын хүчнийхний тарааж байгаа хуудсууд нь хүмүүсийг нэн даруй байгаа газраа орхиж түр хуарангууд руу шилжин байрлахыг уриалсан агуулгатай байна.
Мөн алан хядагчдын ашиглалт дахь бүх байшин, байгууламжид цохилт өгөх учир ойр орчимд нь байгаа хэн бүхний амь нас эрсдэлд орох болно гэж анхааруулжээ.
Хан Юнис суурингийн дэвсгэр нутаг дахь майхант хотхонууд, эмнэлгүүд болон сургуулиудын байруудад орох оронгүй болсон олон мянган хүн толгой хоргодож байгаа юм байна.
Одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Газын зурвасын хойд хэсэгт газрын ажиллагаа эхлүүлэхийн өмнө Израил мөн ийм хуудсууд тарааж байжээ.
Үүний өмнө Израилын БХХ-ийхэн Газын зурвасын хойд бүсийн хамгийн том Газа хотын баруун хэсгийг бүрэн хяналтандаа авсан, дараагийн шатны газрын ажиллагаа нь эхлэхээр болсон гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант мэдэгдсэн.
Мөн тэрбээр Аль-Шифа эмнэлгээс “Хамас” бүлгийн удирдлагын төв, зэвсгийн агуулах, зэвсэг, дайтагчдын хувийн хэрэгсэл сэлт зүйлс олж илрүүлсэн, мөн алан хядагчдын ашигладаг хонгил руу гардаг гарцыг олсон гэж мэдэгджээ.
“Хамас” бүлэг харин эмнэлгийн байрнаас зэвсэг олдсон талаарх Израилын дүрс бичлэгийг “хуурамч” гэсэн бол, Газын зурвасын ЭМЯ мөн эмнэлгийн дотор дайтагчдын бааз байсан гэдэг нотолгоог үгүйсгэжээ.
Үүнээс гадна Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Америкийн СВS телевизэд ярилцлага өгч, “Хамас”-ын барьцаан дахь хүмүүсийн заримыг Аль-Шифа эмнэлгийн дэвсгэр газарт агуулж байсныг “илтгэх баримтууд” олдсон тухай ярьсан, улмаар Израилын цэргийнхэн Аль-Шифа эмнэлгийн ойролцоогоос “Хамас”-ын барьцаанд байсан 65 настай эмэгтэйн, мөн дараа нь Израилын эмэгтэй цэрэг Ноа Марсианогийн цогцсыг олсон гэж мэдээлсэн.
Биньямин Нетаньяху тэрчлэн Израил улс энгийн иргэдийг хохироохгүйн төлөө анхааруулах хуудсууд тараахаас авахуулаад боломжтой бүхнийг хийж байгаа боловч гарз хохирлыг багасгах оролдлогууд нь “үр дүнд хүрэхгүй” байгааг мэдэгдсэн байна.
Израилын бөмбөгдөлт, хуурай замын ажиллагааны улмаас Газын зурваст амь эрсэдсэн хүний тоо 11500-аас давсан, тэдний 4700 гаруй нь хүүхэд байгааг Газын зурвасын ЭМЯ мэдэгдэж байгаа. НҮБ энэ тоо баримтыг баттай гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
Ийнхүү аравдугаар сарын 7-нд “Хамас” бүлэглэл Израилд халдаж, энгийн иргэд голдуу 1200 хүний аминд хүрч, мөн 240-өөд хүнийг барьцаалсны хариуд Израилын явуулж байгаа цэрэг дайны ажиллагааны гол хохирлыг Палестины энгийн ард иргэд үүрч байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Дэлхий дахинд
Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ
Зүүн Угандагийн зургаан тосгонд лхагва гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагт хөрсний гулгалт болж, 15 хүн нас барж, 113 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 15 иргэнийг Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Угандагийн Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр хөрсний гулгалтын улмаас 40 гаруй байшин нурж, нурангаас 13 хүний цогцсыг гаргаж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Паквачийн гүүр нурж, Нил мөрний эрэгт эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеэр аврах багийн хоёр завь хөмөрсөн байна.
Цаг агаарын байгууллагаас нь лхагва гарагт хүчтэй аадар бороо орох урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохиог ажиллуулж, улс даяар томоохон авто замуудыг хаах арга хэмжээг авсан байжээ.
Тус улсад 12 жилийн өмнө мөн хөрсний гулгалт болж, 40 гаруй хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр23 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм2 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр1 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ