Энтертайнмент
Орхоны хөндийд олон улсын судлаачид хуралдана
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо, Архангай, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, “Чингис хаан”, “Эрдэнэзуу”, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей хамтран “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийн сэргээн засварлалт ба хадгалалт хамгаалалт” сэдэвт зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 30-нд Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа.
Монгол Улс Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийд өвийн жагсаалтад бүртгүүлээд 20 жил болж байна. Үүнийг тохиолдуулан, 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-нд манай улсад олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Уг хурлаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шилжүүлэн зөөх, Орхоны хөндий дэх түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Мөн археологийн малтлага судалгаа хийх, соёлын аялал жуулчлал хөгжүүлэхдээ түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалттай хэрхэн уялдуулах тухай ярилцана.
Дэлхийн өвд бүртгэсэн соёлын өвийг хэвээр нь хадгалах, хамгаалахад тухайн улс санаа тавихгүй бол ЮНЕСКО уг жагсаалтаас тухайн өвийг хасдаг. Иймд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг хэвээр нь хойч үедээ үлдээхэд одооноос санаа тавих шаардлагатай байгааг тэмдэглэв.
Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.