Дэлхий дахинд
Пакистанаас Энэтхэгт: Манай гэнэтийн бэлгийг хүлээж авахад бэлдээрэй
Өчигдөр бөмбөгдөгч онгоцнууд нь Кашмирийн маргаантай хилийг давж, Пакистаны захиргааны нутаг дахь террористуудын байрлалд амжилттай цохилт өгсөн тухай Энэтхэгийн засгийн газар мэдээлж байв.
Гэтэл эсэргүүцэлтэй тулгарсан Энэтхэгийн онгоцнууд буцаж зугтах замдаа бөмбөгнүүдээ хаясан нь эзгүй газарт унаж, ямар ч хохирол учруулаагүй хэмээн Пакистаны тал хариу мэдэгджээ.
Тэгвэл Пакистаны зэвсэгт хүчин Энэтхэгийн довтолгоонд хариу барихаар болсноо өнөөдөр зарласан байна. Тэд энэ мэдэгдэлдээ “Одоо манай барих гэнэтийн бэлгийг хүлээж авах танай ээлж боллоо” гэсэн тохуурхах утгатай үг хэллэг оруулсан байна.
Хоёрдугаар сарын 14-нд Энэтхэгийн захиргааны Кашмирт амиа золиослогч халдлага зохион байгуулснаар цагдаагийн 40 алба хаагч амиа алдсан нь хоёр орны харилцааг хурцатгаад байгаа юм. Өчигдөр зохион байгуулсан агаарын цохилт нь 1971 оны дайнаас хойш анх удаа Энэтхэгийн талаас Кашмирийн маргаантай хилийг давсан хэрэг байв.
Пакистаны ерөнхий сайд Имран Хан “Энэ үйлдэл нь сонгууль угтсан дотоодын улс төрийн шоу бөгөөд ингэснээрээ бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд эрсдэл үүсгэлээ” гэж Энэтхэгийн эрх баригчдыг буруутгасан байна.
Өөрөөр хэлбэл Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди удахгүй болох сонгуулиар дахин сонгогдохын тулд хинду шашны үндсэрхэг үзлийг дэврээж байна гэж тэр дүгнэжээ.
Агаарын довтолгооны дараа Энэтхэг, Пакистаны иргэдийн дунд сошиал сүлжээнд өргөн маргаан дэгдсэн байна. Тэд аль тал нь хохирол амссан, амсаагүй, хэн нь худлаа мэдэгдэл хийж байгаа талаар маргалдаж байгаа юм.
Эх сурвалж: Associated Press