Дэлхий дахинд
БНЭУ-ын бүх нийтийн ээлжит сонгуульд 970 гаруй сая хүн санал өгнө
Энэтхэгийн засгийн газар парламентын ээлжит сонгуулийн товыг өнгөрсөн бямба гарагт зарлалаа. Дэлхийд 1,4 тэрбум гаруй хүн амаар тэргүүлдэг Энэтхэг улс бүх нийтийн сонгуулиа ирэх 4-р сарын 19-нөөс 6-р сарын 1-н хүртэл долоон үе шаттайгаар зургаан долоо хоногийн хугацаанд зохион байгуулах юм байна. Дэлхийн хүн амын 10 хувь буюу 970 сая хүн ирэх таван жилд хууль тогтоох парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгох юм.
Дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэгийн бүх нийтийн сонгууль хүн төрөлхтний хамгийн том улс төрийн сонгуульд тооцогддог. Энэ жил 970 гаруй сая хүн буюу бараг нэг тэрбум хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харьцуулбал Энэтхэг улсын сонгуульд санал өгөх нийт сонгогчийн тоо энэ онд мөн л сонгуультай Өмнөд Африк, Мексик, ОХУ, Бангладеш, Пакистан, АНУ, Индонези зэрэг улсуудын нийт сонгогчдын тоотой тэнцэж байна. Энэтхэг улс 28 муж, холбооны 8 газар нутагт сонгуулийн 26 тойрогт 43 хоногийн хугацаанд 7 үе шаттайгаар сонгогчдын саналыг авна. Ингэхдээ улс орон даяар нийт нэг сая санал авах байр засаж, тэдгээрт 15 сая хүн ажиллах юм байна. Парламентын доод танхимын 543 суудлын төлөө 2660 нам эвсэл өрсөлдөж байгаа юм байна. Энэтхэг нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг олон намын сонгуулийн тогтолцоотой. 2014, 2019 онуудад ялалт байгуулж байсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам энэ удаа дахин ялалт байгуулахыг зорьж байна. Бхаратия Жаната нам энэ удаагийн сонгуульд 543 суудалтай доод танхимд 370 суудал авах зорилт тавьсан бол сөрөг хүчний Үндэсний ардчилсан холбоо нам 400 суудал авах зорилт тавьжээ. 2019 оны сонгуулиар Модигийн тэргүүлдэг Бхаратия Жаната нам 303 суудал авсан нь 1980 онд байгуулагдсан тус намын түүхэнд хамгийн олон суудал авсан тохиолдол болж байжээ.
Энэ удаагийн ээлжит сонгууль улс орноо иргэний ардчиллаас Хинду үндэстэн болгон өөрчлөхийг эрмэлзэж байгаа Модигийн эрх мэдлийг улам бэхжүүлнэ гэж Шинжээчид таамаглаж байна. Моди Энэтхэг улсыг Британийн эзэнт гүрний нөлөөллөөс аажмаар ангижруулах үндсэрхэг бодлого хэрэгжүүлж байгаа нь олон нийтийн дунд дэмжлэг сайн байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Дэлхий дахинд
Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр мэдэгджээ.
Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ.
Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна.
Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Маргаашаас дараах байршилд халуун ус хязгаарлана
-
Улс төр14 цаг өмнө
Улсын Их хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм16 цаг өмнө
Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“ХАОС” экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам зохион байгуулагдаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд