Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв

АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.