Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
– Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, хүнсний худалдааны газар, бэлэн гоймон импортлогч аж ахуйн нэгж, тэдгээрийн агуулахуудыг шалгахад хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, ажлын байрны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй зэрэг Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил илэрсэн “П”, “Н”, “Ж”, “Х” аж ахуйн нэгжүүдэд;
– Мөн Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулах талаар Цаг уур, орчны шинжилгээний газарт,
– Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас сурагчдад гэмт хэргийн хор уршгийг таниулах, анги танхимыг камержуулах, эерэг нөлөөллийн ажлыг оновчтой төлөвлөж ажиллах талаар тус сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.