Энтертайнмент
Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сард нээхээр төлөвлөж байна
Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна.
Шинэ барилга нь 11 давхар, 10,000 м.кв талбайтай, 16 уншлагын танхимтай бөгөөд нэгэн зэрэг 530 хүнд үйлчлэх боломжтой. Цаашлаад, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, дэвшилтэт технологийг ашигласан орчин үеийн дэд бүтцээр тоноглогдсон.
Үндэсний номын сан шинэ барилгадаа үйл ажиллагаагаа эхлүүлснээр иргэдэд үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Ном, хэвлэмэл бүтээгдэхүүний эргэлт сайжран, соёлын салбарт шинэ түлхэц үзүүлнэ.
Иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бусадтай туршлага солилцох боломжтой болно. Номын сан нь зөвхөн мэдээлэл олж авах газар төдийгүй, иргэдийн хөгжил, суралцах үйл явцад хувь нэмэр оруулах соён гэгээрлийн төв болно. Үндэсний номын сангийн шинэ барилга нь манай улсын соёлын салбарт Чингис хаан Үндэсний музейн дараа орох томоохон хэмжээний бүтээн байгуулалт болно гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
Энтертайнмент
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.
Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй “Номын баяр”ын арга хэмжээ “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.
“Номын баяр”-ын арга хэмжээнд монголын зохиолчдоос гадна гадаадын алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон билээ.
“Номын баяр” бол зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн бөгөөд уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна.
Энэ өдрүүдэд “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д олгодог нэрэмжит шагналаа УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулах юм.
Мөн “Номын баяр”-ыг зорьж ирсэн уншигчид Парламентын номын сангаас дэлгэсэн монгол төрийн түүхийг илтгэх ном, судалгаа, түүх, бичиг соёлын үнэт сан хөмрөгтэй танилцах боломжтой хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Энтертайнмент
Чингис Хаан Үндэсний музей зуны цагийн хуваарьт шилжлээ
Чингис хаан Үндэсний музей нь 2024 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 14 хүртэл зуны цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 15-наас 9-20 цагийн хооронд ажиллаж байх юм гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.
Энтертайнмент
Г.Мөнхзаяа: Өглөө эрт босчихоод өчигдөр зурснаа шинжиж харах шиг жаргал үгүй
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, МУЭ-ийн Дорноговь салбарын тэргүүн зураач, өв тээгч, ерөөлч магтаалч Ганхуягийн Мөнхзаяатай Дүрслэх урлагийн долоо хоног буюу “Art week” арга хэмжээнд бүтээлээ дэлгэн үзэгч олонд толилуулж байхтай тааралдаж ярилцлаа. – Соёлын яамны санаачлагаар МУЭ-тэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Art week”-т олон уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ. Таны тухайд хичнээн бүтээлтэй ирэв? -Энэ удаагийн үзэсгэлэнд орон нутгийн уран бүтээлчид Хүүхдийн урлан бүтээх төвд өөрсдийн сэтгэл зүрхээн шингээн туурвисан бүтээлүүдээ дэлгэн сонирхуулж байна. Миний хувьд хайрлаж, хүндэтгэж явдаг нутгийн ах, МУЭ-ийн гишүүн, СТА ахмад зураач н.Халзан гуайтайгаа дөрөө харшуулан ирлээ. Үзэсгэлэнгийн танхимын баруун урд талын талбайд бид хоёр бүтээлээ дэлгэсэн байгаа. Сэтгэл нэг, зүтгэл нэг уран бүтээлч андуудтайгаа уулзаж, бие биеийнхээ бүтээл туурвилыг сонирхохын зэрэгцээ мэргэжлийн ур чадварын хувьд хэн хэрхэн өсч дэвжиж буйг харж, шинэ залуу уран бүтээлч нартайгаа танилцсан сайхан арга хэмжээ болж байна даа. Өөрийн биеэр ирж амжаагүй ч уран бүтээлээ ирүүлсэн зураач олон байна. -Таны бүтээлүүдээс аргамаг хурдан хүлгийн өнгө зүс, явдал суудал, биеийн хэлэмжийг олж харж болохоор юм. Уралдааны замд гарсан морь, уралдаад ирсэн морь хоёрын сэтгэл зүй шууд уншигдаж байна шүү. Бас түмний харцыг өөр дээрээ татах цоохор жороо морь янзтай юм аа? -Уран бүтээлч бүр өөрийн бүтээлдээ ямар нэгэн онцгой зүйл харуулахыг хичээдэг. Жишээ нь таны олж хараад байгаа аргамаг хүлгийн онцгой содон зүс, хөдөлгөөн, биеийн хэлэмж зэргийг бүтээлдээ шингээж өгөх нь миний хүсэл. Яагаад заавал морь гэж үзэгч олон асууж байна. Миний хүүхэд нас хурдан морины нуруун дээр өнгөрсөн гэж хэлж болно. Хонины номхон хонгор мориос наадамчин олныг баясган цолоо дуудуулах аргамаг хурдан хүлгийн зоон дээр салхи татуулан давхиж өссөн хүн чинь морь зурахгүй яах билээ. Бас хүүхэд гэлтгүй морины цол дуудаж явлаа. Өөрийнхээ хэмжээнд морин хуур татаж, ерөөл магтаал хайлна. Ийм л орчинд өссөн зураач. Энэ цагийн хэллэгээр өв тээгч. Зэгзийсэн сайхан хурдан хүлгийг зурчихаад ойртож нэг, холдож нэг хараад зогсч байх шиг жаргал надад үгүй. -Бүтээл дундаас жороо цоохор мориор гангарсан наадамчин эрийн хөрөг нүднээ тусч байна шүү. Хөргийн эзэн бодит хүн үү эсвэл? -Наадамчин эр гэж та зөв харжээ. Зураач хүн туурвисан бүтээлийг нь үзэгч олон шууд уншиж чадаж байвал “болжээ” гэж боддог. Энэ бүтээлийн тухайд гэрэл зургаас санаа авч туурвисан. Хоёр өдөр наадамлачихаад гэр рүүгээ харьж яваа эр. Мэдээж хоёр өдөр наадамласан хүн үл ялиг халамцуу явж байж ч мэднэ. Бас амандаа ардын дуу аялсан шигээ сажилуулж яваа юм. Наадмын үзүүр түрүүний барилдааны талаар бодож, “тийм мэх хийх байсан” гээд л ганцаараа ярьж яваа байж ч мэдэх наадамчин. Гэрээсээ гарахдаа наадамд явна гээд их л гангалж гарсан байх. Одоо түүнд бушуу түргэн гэрийнхээ барааг харах ч бүхнээс чухал байгаа болов уу. Монголчууд биеэ барьсан дээл өмсдөггүй шүү дээ. Тиймээс дээл нь хэлхгэр, халхгар байгаа юм. Арын дэвсгэр өнгөнд ач холбогдол өгөөгүй ээ, илүү дутуу зүйлгүйгээр морь, хүн хоёроо тодотгож өгөхийг чухалчилсан. -Аж байдлын ертөнцөөр аялж явтал гэнэтхэн хийсвэр сэтгэлгээнд шилжсэн бүтээлүүд рүү шилжчихлээ. Ойлгоход бэрх санагдчихлаа. Ухаан хүрэхгүй гэм юм уу. -Энэ бүтээл миний уураг тархинд олон жил явсан. Тэгж тэгж нэг юм цаасан дээр буусан. Шулуухан хэлэхэд, морин хуур бол мөнх хөх тэнгэрээс монголчуудад илгээсэн хишиг. Тийм учраас хоёрхон чавхдасаас уянгалах айзам эгшигт хорвоо дэлхий бүхлээрээ багтдаг байхгүй юу. Тийм учраас тэнгэрийн хөгжим гэсэн санааг энэхүү уран бүтээлээрээ харуулахыг зорьсон. Хүмүүс хуурын чавхдас нь байх атлаа морин хуурынх нь толгой хаана байна гэж асууж мэдэх юм. Дуурсах аялгуу нь тэнгэрт хүрч, дээд тив баясан хөөрч, үүлэн хээ татуулан орчлонгоор нэг түгж байгаа санаа юм. Нөгөөтэйгүүр, бодит аж байдал болоод хийсвэр сэтгэлгээний аль алинийг хослуулсан бүтээл туурвихыг хичээж байгаа. Морин хуур бол монголчууд биднийг дэлхийд төлөөлөх үнэт өв. -Танд энэ мэт бүтээл олон бий юу? -Миний сонирхол ихэнхдээ хийсвэр талдаа. Тэр хэрээр сүүлийн үед туурвиж буй бүтээлүүдэд хийсвэр зонхилж буй. Гэхдээ орон нутагт ийм жанарын бүтээл туурвихад дутагдалтай тал олон байна. Үзэгчид гэхэд л ойлгож хүлээж авахад бэлэн биш байх жишээний. – Авъяас төрөлхийн байдаг ч хөгжүүлэхгүй бол уугиж байгаад унтардаг гал гэж нэгэн эрхэм хэлсэн байдаг. -Би тав зургаатай байхаасаа л харандаа, цаас хоёртой нөхөрлөсөн. Хэдэн цагаар ч хамаагүй суудаг хүүхэд байсан. Тэр мэдрэмж, итгэлдээ хөдлөгдөн СУИС-д элсч Дүрслэх урлагийн сургуулийг 2009 онд төгссөн. Ажил амьдралынхаа гарааг Дорноговь аймгийнхаа Политехник коллежоос эхэлж, эзэмшсэн мэргэжлээрээ гар урлалын ангид багшилж байна. Миний хувьд мэргэжлийн уран бүтээлч. -Таны оролдож үзэх гэж буй урсгал, чиг хандлага юу байна? таны харж байгаа урлагийн урсгал чиглэл юу байна вэ? -Орон зайн чиглэлээр бүтээл туурвих битүүхэн бодолтой яваа. -Уран бүтээлчид онгод орж ирэх гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд ямар үед онгоддоо хөглөгддөг вэ? -Миний хувьд яг тийм үед онгод маань орж ирдэг гэсэн зүйл байхгүй. Өглөө эрт босчихоод нэг гартаа бийрээ нөгөө гартаа аягатай цайгаа барьсан шигээ зогсчихоод өчигдөр зурснаа шинжиж харах шиг жаргал үгүй -Та багшилж байгаа юм байна. Шавь нараа өөр шигээ зураачаас гадна өв тээгч болгохыг зорьж байна уу? -Шавьтай болно гэдэг хэн хүнд олдохгүй сайхан зүйл. Тэр дундаа шавь нар маань амжилт гаргах юм бол багш аа хэмээн дуудуулж яваагийн жаргал тэр байх. Миний хувьд сурагчиддаа учиргүй мэргэжлийн онол заахыг уртал болгодоггүй. Хүнтэй мэндэлж сурахаас, зөв сууж сурахаас л бидний хичээл эхэлдэг. Зөв хүнээс хэн хүний сэтгэлд хүрэх бүтээл гарна. Цаашлаад мэргэжилдээ эзэн байх гэдэг зүйлийг ойлгуулахыг хичээж явна даа. Миний шавь нар зав зай гарвал ч “Багш аа, ерөөл хэлээч, магтаал хайлаач” хэмээдэг. Би ч дуртайяа хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлж өгдөг. Олон шавь нар дотроос хэн нэг нь намайг залгамжлах нь гарцаагүй. Тэнгэрийн өгөгдөл хэнд байна, тэр хүн магтаал хайлах нь бий. Учир жанцангүй юм гэж үгүй шүү дээ, энэ хорвоод. -Энэ олон бүтээл дундаас таныг чамгүй зовоосон атлаа эргүүлээд аз жаргал бэлэглэсэн бүтээл тань аль нь вэ ? -Бүтээл бүхэн минь өөр өөр цагт төрдөг. Онгод нь хөглөсөн юм уу, зарим бүтээлээ босон суухын завсарт туурвина. Заримдаа хэдэн өдөр ч ноцолдоод ард нь гарахгүй зовоох нь бий. Миний энд дэлгэгдсэн бүтээлийн дийлэнх нь олон хоног тархинд минь амилж яваад цаасан дээр буусан аз жаргал бас зовлон минь. Эцсийн дүндээ зураачийн эгэл амьдрал. – Та соёлын өв тээгч. Хэнээс өвлөсөн авьяас вэ? -Ерөөл, магтаалыг багаасаа сонирхсон. Унасан морины минь цолыг дуудаж байх тэр агшин шиг жаргал гэж үгүй. Одоо ч чихэнд минь сонсогддог. Түмнийг баясгасан наадмын үзүүр түрүүний бөх, хурдан морины айраг түрүүг дуудаж, цол дуудна гэдэг хэн хүнд олдох буян биш шүү. Хүүхэд байхын л яавал энэ цоллооч нар шиг болох вэ гэж боддог байлаа. Дорноговь аймгийн төвд шилжин ирж, аравдугаар ангид элсэн суралцахаар ирээд Зундуйн Чулуунбаатар багшдаа шавь орсноор албан ёсны ерөөлч магтаалч болох зам минь нээгдсэн. Зураач, магтаалч, морин хуурч байна гэдэг миний хувьд бурханы хишиг юм. Маш сонирхолтой зүйлүүд. Нэг зураг эхлүүлээд түүнийхээ будгийг хатах хооронд морин хуураа шүүрч аваад ерөөл магтаалаа хайлна. Шавь нарынхаа амьсгаагаа түгжиж ирээд чагнаж буйг харах ч бас л сайхан мэдрэмж шүү дээ. Хажуугаар нь уртын дуу бага зэрэг оролддог, ер нь үндэсний өв соёлоос сонирхохгүй зүйл байхгүй гэж хэлж болно. Би өөрийгөө төрөл бүрээр сорьж үзэх, завгүй байлгах дуртай нэгэн.