Дэлхий дахинд
Олон Улсын Сансрын Станцад найман жилийн дараа АНУ-ын хөлөг залгагдлаа
NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх зориулалттай SpaceX компанийн Crew Dragon хөлөг Бямба гарагийн өглөө Флоридагийн буудлаас хөөрсөн билээ.
Тэгвэл тойрог замд амжилттай хүрсэн уг хөлөг Ням гарагийн өглөө Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) амжилттай залгагджээ.
Ингэснээрээ хувийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн сансрын хөлгөө ОУСС-тай залгасан анхны компани нь SpaceX болж, түүхэнд бичигдэж байна.
Мөн 2011 оны долдугаар сард NASA-гийн Endeavour хөлөг ОУСС-д залгагдсанаас хойш АНУ-ын хөлөг анх удаа эргэн ирж байгаа нь энэ юм. Долоон хүний суудалтай Crew Dragon хөлөгт энэ удаа хүн зорчоогүй, 180 кг ачаа, мөн “Ripley” нэртэй туршилтын хиймэл хүнийг тээвэрлэж явсан байна.
Хүн тээвэрлэхэд аюулгүй нь батлагдсанаар ирэх долдугаар сард АНУ сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа өөрийн газар шороон дээрээс сансарт хүн хөөргөх боломж нээгдэж байгаа юм.
Өнөөдрийг хүртэл NASA сансрын нисгэгчдээ Оросын пуужингаар төлбөртэй нисгэж, ОУСС-д хүргэдэг байв.
Одоо ОУСС-д ажиллаж байгаа гурван хүний бүрэлдэхүүнтэй Expedition 58 багийнхан шинээр залгагдсан Crew Dragon хөлгийн бүхээгт нэвтэрсэн байна.
Сансрын нисгэгчдийн ахлагч, ОХУ-ын Олег Кононенко NASA-гийн телевизийн сувгаар үг хэлэхдээ “Багийнхаа нэрийн өмнөөс би АНУ, NASA-гийн мэргэжилтнүүдэд хөлгөө амжилттай хөөргөж, ОУСС-д залгасанд нь баяр хүргэе! Энэ бол хүн төрөлхтөн дэлхийн тойрог замаас цаашлан сар, Ангарагт хүрэх түүхэн алхам болж байна” гэж мэдэгджээ.
Багийн бусад гишүүд болох АНУ-ын Анне Макклайн, Канадын Дэвид Сэн Жак нар мөн баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: Business Insider