Бусад
БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг шалгах хугацааг сунгажээ

БНСУ-ын Элчин сайдын яаманд өдөрт 700-800 хүн виз мэдүүлж байгаа юм байна. Тиймээс виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр болон түүнээс дээш хугацаанд шалгах болсныг тус Элчин сайдын яамнаас өчигдөр мэдэгдлээ.
Мэдэгдэл бүрэн эхээрээ:
БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогдож байгааг мэдэгдье
- Сүүлийн үед БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчилан шалгах шаардлага тулгарч байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд ЭСЯ-ны ажилтнууд илүү цагаар ажиллаж ирсэн боловч их хэмжээгээр хуримтлагдсан байгаа материалууд, цаашид виз мэдүүлж буй Монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болсныг мэдэгдэж байна.
Гагцхүү хүндэтгэх шалтгааны улмаас(Солонгос улсад яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцох) яаралтай виз авах хүсэлтэй байгаа тохиолдолд төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материалаа бүртгүүлэхдээ “яаралтай виз гаргах хүсэлт” бөглөж өгөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаас хамааран хариуг олгох болно.
- Мөн сүүлийн үед виз мэдүүлсэн иргэдийн 20-25% нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6 саяаас 8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг их хэмжээгээр илэрч байна. Энэ нь БНСУ болон Монгол Улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэх болсныг мэдэгдэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол Улсын хуулийн байгууллагад хандан зохих арга хэмжээг авах болно.
ЭСЯ-ны зүгээс мөн адил 1 жил болон түүнээс дээш хугацаагүйгээр Солонгос улсад нэвтрэх эрхийг хаах арга хэмжээ авах тул виз мэдүүлэгчид нь хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, мөн хууль бус үйлдэл олж илрүүлсэн тохиолдолд яаралтай мэдэгдэхийг хүсэж байна.
Хууль бус үйлдлийн жишээ
- Нийгмийн даатгалын системийн мэдээллийг өөрчилж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх
- Олон удаагийн виз авахын тулд визний брокер болон залилангийн гэмт этгээдүүдэд хандаж системийг өөрчилж, нийгмийн даатгалын татвар төлөлтийн тодорхойлолтыг өөрийн мэт хуурамчаар үйлдэж виз мэдүүлэх
- Оюутан биш хүн их хэмжээний мөнгө өгөн сургуульд суралцсан түүх хуурамчаар үйлдэж хэлний бэлтгэл сургалтын виз мэдүүлэх
- – Олон удаагийн виз авсан иргэнтэй хуурамчаар гэрлэлтийн бичиг баримт үйлдэж гэрлэсэн мэтээр тохиролцон олон удаагийн виз мэдүүлэх
- БНСУ-ын таньж мэдэх ойр дотны хүмүүс мөн БНСУ-ын ЭСЯ-д таньдаг хүнтэй виз амархан авч болно гэх мэтээр ярьж мөнгө аван виз мэдүүлсний дараа холбогдохгүй алга болох
Хууль бус үйлдлээс үүсэх сөрөг нөлөө
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, татвар төлөлтийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, сургалтын визийн бичиг баримт зэрэг бичиг баримтын шалгалтыг нарийвчлан хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн визний материалаа үнэн зөв бүрдүүлэн мэдүүлж буй бусад иргэдийн материал шалгалт болон виз олгох хугацааг уртасгаж байна.
БНСУ-ын элчин сайдын яам нь Монгол иргэдийн мэдүүлсэн визийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч дээрх нөхцөл байдлаас үүдэн материал шалгалт болон виз олголтын хугацаа хойшлон хугацаанаасаа хоцрох асуудал үүссээр байна. Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд харамсаж байгаа ба цаашид хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллах болно.
Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм6 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр7 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй