Улс төр
3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08 цаг 10 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ.
Дараа нь 3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсний дагуу УИХ-ын дарга тогтоолын төслийг танилцуулав.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Бадрахын Найдалаа, Өлзийхүүгийн Шижир, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагай, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Цэвэгдоржийн Туваан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Тогмидын Доржханд, Бадамдоржийн Пунсалмаа нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Цэндийн Баатархүүг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Наранцэцэгийн Алтаншагай, Нанзадын Наранбаатар, Өлзийхүүгийн Шижир, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Болдын Уянгыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Бадрахын Найдалаа, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Бадамдоржийн Пунсалмааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Өлзийхүүгийн Шижирийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Банзрагчийн Түвшин, Даваагийн Цогтбаатар нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Хүрэлбаатарын Баасанжаргал, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байв.
Ингээд тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 нь хувь нь дэмжсэн юм.
Үүгээр хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Сенатын танхимын дарга Милош Вийстрчил бараалхлаа.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлтэй Монгол, Чех Улсад хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдийн зоог барьж, хоёр орны хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо.
Чех Улсын парламентын Сенатын танхим 81 суудалтай бөгөөд гишүүд 6 жилээр сонгогддог. Тэдний гуравны нэгийг хоёр жил тутамд 27 тойрог тус бүрээс нэг мандатаар сонгодог байна.
Улс төр
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.
Цаашид харилцааны түвшнийг ахиулан хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.
Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг тэлж эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллана.
Хэлэлцээний үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалыг хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцлоо.
Улс төр
ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдан явууллаа.
Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаара хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа. Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай эгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир манай улс гадаадын ямар ямар улсуудтай ийм хэлэлцээр байгуулаад байгаа, хэлэлцээр байгуулах санаачилгыг аль талаас ихэвчлэн гаргаж байгааг болон монгол иргэдийн холбогдож буй хэрэг, зөрчлийн талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал харилцан солилцож буй мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөв. Улсын Их хурлын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг нар хариулт, тайлбар өглөө.
Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа