Дэлхий дахинд
Оросын эрчим хүчний 2 байгууламж цохилтод өртжээ
Украины арми өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ руу нисгэгчгүй нисэх онгоцоор довтолсноор эрчим хүчний хоёр байгууламжид гал гарчээ. Эдгээр нь Москва дахь газрын тос боловсруулах үйлдвэр болон нийслэлээс 120 км зайд орших Тверь мужийн Конаково цахилгаан станц юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украины ойролцоогоор 158 нисгэгчгүй онгоц нийслэл Москва зэрэг 15 бүс нутгийг онилсон байна.
Украины ерөнхийлөгч Зеленский Оросын нутаг дэвсгэрийн гүнд нисгэгчгүй онгоцоор халдсанаа Москвагийн дараалсан дайралттай холбон тайлбарлажээ. Тэрбээр твиттертээ “Өнгөрсөн долоо хоногт Орос улс манай ард түмний эсрэг янз бүрийн төрлийн 160 гаруй пуужин, 780 удирдлагатай агаарын бөмбөг, 400 гаруй нисгэгчгүй нисэх онгоц хөөргөсөн. Тэд Харьковт дахин цохилт өгч, иргэний дэд бүтцийг сүйтгэсэн” гэж жиргэсэн байна.
Харьков хотын иргэний дэд бүтэц Ням гаригт Оросын халдлагад өртөж, 41 хүн шархадсан байна. Түүнчлэн Сумы мужид үр тариа тээвэрлэж явсан цуваанд цохилт өгснөөр нэг ачааны машин шатаж, 20 орчим хүн бэртэж гэмтжээ. Сумы муж нь ОХУ-ын Курск мужтай хиллэдэг. Мөн Миколайв мужийн үр тариа, хөдөө аж ахуйн байгууламжууд цохилтод өртсөн байна.
Курскийн тулаан сүүлийн үед ахиц муутай байна. Одоогийн байдлаар 1294 км2 газар нутаг буюу 100 сууринг украинчууд хяналтдаа авчээ. Мөн Оросын 600 орчим цэргийг олзолсон гэв.