Бусад
Салхитын тусгай ажиллагаа “Эрдэнэт” дээр ингэж үргэлжлэв

Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр тусгай ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг баривчлан саатууллаа. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин , “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг дуудаж, байцаалт авсан юм. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Энхжин” хотхонд гүйцэтгэх ажиллагааг явуулж, Д.Эрдэнэбилэгийг саатуулсан бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь баривчилсан юм. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Тусгай ажиллагаа…
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл тараасан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгснөө мэдэгдсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосоне схемыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олонд дэлгэж тайлбарласан. Мөн “Пүрэвтүвшин миний дүү болгоомжтой байгаарай, хуулийнхан очно шүү” гэх мэтээр болгоомжлуулж байлаа. Тэгвэл ердөө нэг хоногийн дараа хуулийнхан очиж таарав. Салхитын тусгай ажиллагаа “Эрдэнэт” дээр өчигдөр ийнхүү үргэлжилсэн юм. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод “эзэлж” байв. Яг энэ төрлийн тусгай ажиллагааг өчигдөр Л.Оюун-Эрдэнэ “удирдсан” юм.
Ц.Пүрэвтүвшин: Намайг хүчээр авчирлаа
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан үндэслэлээр өчигдөр хамгийн түрүүнд байцаасан юм. Түүний цагдаагийн албан дээр байцаагдаж байх үед О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг баривчлах ажиллагаа явагдаж байв. Ц.Пүрэвтүвшин “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэх тайлбараас өөр зүйл хэлсэнгүй. Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар О.Орхон, Д. Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.
М.Мөнхбаатар: Манай компани төрөөс мөнгө аваагүй
“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ЦЕГ дээр ирж тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр “Манай компанийн зүгээс ямар нэгэн мөнгө төрөөс аваагүй. Монголбанк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа. Намайг ирж мэдүүлэг өг гэсэн. Тэрний дагуу мэдүүлэг өгөхөөр ирж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар ирсэн. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн сайтад байгаа. Энд төр хувийн компани руу дайрч байгаа процесс гэж харж байна. Манай компани Худалдаа хөгжлийн компанитай зөвхөн зээлийн харилцаатай” гэсэн юм. Нууцаас гаргасан материалын тухайд хоёр жилийн өмнө ил гарсан зүйл. Л.Оюун-Эрдэнэ сайд хоёр жилийн өмнөх явдлыг яагаад дахин гаргаж ирээд байна. Нөгөө талд нь 51 хувийн асуудал яригдаад мөнгөө төлөөд явж байгаа шүү дээ. Эх баригч нам одоо болох гэж буй Эрдэнэтийн шүүх хурлыг намжаахын тулд ийм ажиллагаа хийж байна” гэсэн тайлбар өглөө. Ийнхүү өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор баригдсан эрхмүүдийг 4-5 цаг байцааж, гэр албан өрөөнд нь нэгжлэг шалгалт хийлээ. О.Орхон, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн саатуулах эсэх нь дугаар шилжих мөчид тодорхойгүй байв. Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулан шалгана гэсэн мэдээллийг өгөөд байв.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.