Бусад
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДЭЭС ҮЙЛДСЭН НИЙТ ГЭМТ ХЭРГИЙН 48,0 ХУВИЙГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ЭЗЭЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд 2018 онд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт 741 гэмт хэрэг бүртгэгдсэнийг ангиллаар нь авч 356 буюу 48.0 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 185 буюу 25.0 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 68 буюу 9.2 хувь нь дээрэмдэх, 40 буюу 5.4 хувь нь залилах, 13 буюу 1.8 хувь нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, 79 буюу 10.6 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.Гэмт хэрэгт холбогдогчдын 44.6 хувь нь 14-15 насны, 55.4 хувь нь 16-17 насны хүүхдүүд байна.Гэмт хэрэг гарахад нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинжтэй олон хүчин зүйл нөлөөлдөг боловч гэр бүлийн орчин, эцэг, эхээс хүүхдэд тавих анхаарал халамжтай холбоотой дараах нөхцөл байдлууд хүүхдийн хүмүүжил, ухамсарт нөлөөлөх гол шалтгаан болж байна.Үүнд:1. Бусдын нөлөөнд амархан ордог. Хүүхэд сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдаг учир түүнийг хүрээлж буй гэр бүл, эцэг,эх, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн нөлөөн давтахад маш амархан.Орчин тойрны хүмүүсийн ааш, зан яриа өгүүлэл, биеэ авч яваа байдал, бусдын үлгэргүй байдлаас шалтгаалж хүүхэд буруу зүйлийг илүү сонирхох, суралцах, үзсэн зүйлээ туршихыг хүсэх нь улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг.2. Амар хялбар аргаар мөнгөтэй болох хүсэл. Насанд хүрээгүй хүний тухайд эдийн засгийн хувьд бусдаас хараат байдгаараа онцлог байдаг. Өөрөөр хэлбэл хоол хүнс, хувцас, орон байрны хэрэгцээг түүний эцэг, эх болон харгалзан дэмжих үүрэгтэй этгээдүүд хангаж байдаг. Хүүхэд өөрийнх нь хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөлд амьдралын түвшин хамаарахгүйгээр гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөөрөө хоногийн хоол хүнс, хэрэгцээт зүйлс авахаасаа илүүтэй цахим тоглоом тоглох, ууж идэх, үзвэр үзэх зэргээр зугаацахад зарцуулж байна.3. Чөлөөт цагийг өнгөрүүлэх газар дутмаг. Хүүхдэд зориулсан биеийн тамирын талбай, тоглоомын төв, усан бассейн, спортын цогцолбор, хүүхдийн ордон зэрэг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар хомс, үйл ажиллагаа явуулж байгаа зарим газрууд нь өндөр төлбөртэй байгаагаас хичээлийн бус цагаар хэсэг бүлгээрээ нийлж, гадуур тэнэж сэлгүүцдэг.4. Гэр бүлийн орчин. Хүүхдийн буруу хүмүүжил, нийгэмд харш зан төлөв нь гол төлөв гэр бүлийн хүрээнд тогтдог бөгөөд гэр бүл дэх таагүй уур амьсгал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салах зэрэг нь хүүхдэд сөргөөр нөлөөлж байнгын стресст орох, уур бухимдлаа бусдад гаргах, хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг.5. Хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн хичээл сургалтын чанар. Ерөнхий боловсролын сургуулиудад “Иргэний боловсрол” болон “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хичээлээр сурагчдад гэмт хэрэг, зөрчил, гэмт хорын тухай ойлголтыг тодорхой цагаар заадаг боловч хичээлийн агуулга нь өнөөгийн шаардлагатай уялдаагүй, багшлах боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаар төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Сурагчдын тоо олон, зарим үед 3 ээлжээр хичээллэдэг учир хичээлийн бус цагаар хүүхдийн хүмүүжилд чиглэсэн ажил, арга хэмжээ бараг зохион байгуулагддагүй.6. Хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт хангалтгүй.Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхдийн асуудлаар “Хүүхдийн хууль зүйн хороо”, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудлаар “Хамтарсан баг” ажиллахаар заасан боловч хэрэгжилт нь хангалтгүй, стандарт MNS 6444:2014 буюу “Сургуулийн бүс”-ийн техникийн ерөнхий шаардлагын дагуу сургуулийн орчинг тохижуулаагүй, сургуулийн автобусны тоо бага, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаар эцэг, эх, сурагчдын мэдлэг хомс, эцэг, эхчүүд хүүхдийг зориулалтын дагуу тээвэрлэдэггүй, бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулдаг, эсхүл хүүхдийг хүүхдэд нь даатгаж /ах, эгчээр нь хүргүүлэх гм/ хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг байдлууд нь хүүхэд зам тээврийн осолд өртөхөд ихээр нөлөөлж байна.7. Цахим орчин дахь хяналтгүй, сөрөг мэдээлэл. Мэдээллийн технологи, цахим орчин, гар утаснь хувьхүн, нийгмийн амьдралд шинэ дэвшлийгавч ирсэнхэдий ч энэ нь хүүхдийн тухайд садарсамуун, хүчирхийлэл, гэмт хэргийн тухай санаа, сэдэл өгч, донтолт, ганцаардлыг бий болгох гол нөхцөл болсоор байна. Тухайлбал: Хүүхэд өсвөр үеийнхний бие бялдар, оюун санаа, нийгэмшихүйд туйлын муу сөрөг нөлөөтэй гэдэг нь олон улсын болон үндэсний түвшний судалгаануудаас тодорхой харагдаж байна.Гэр бүлийн орчин, эцэг, эх-хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь:Өнөөдөр манай улсын хувьд нийт хүн амын 34.6 хувийг 0-18 насны хүүхэд эзлэж байгаа бөгөөд хүүхдийн эрхийг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, эцэг, эх бидний оролцоо хамгийн чухал юм.Учир нь хүүхдийн өв тэгш хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал нэн чухал төдийгүй аз жаргалтай, бие биенээ ойлгодог, хүндэлдэг, сонсдог гэр бүлд хүүхэд бие бялдар, оюун ухааны хувьд өв тэгш хүмүүждэг байна.Хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх асуудал бол гэр бүл, эцэг эхээс шууд хамаардаг гэдгийг бид бүхэн мэддэг хэдий ч, өдөр тутмын алба, амины ажил гэж зүтгэсээр… нэг л мэдэхэд хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хохирох, хүчирхийлэлд өртөх, зам тээврийн осолд орох, хаягдах, төөрөх, архидан согтуурах, мансуурах, цахим тоглоомонд донтох, биеэ үнэлэх, гал түймэр, гол усны аюул, ахуйн осолд өртөх зэрэг олон асуудлын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсоор байна.Монголчууд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа”, “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” гэж сургадаг. Энэ нь хүүхдэд багаас нь хайр энэрлийг өгч, анхаарал, халамж тавьж, зөв дадал хэвшилтэй болгож хүмүүжүүлэхийн ач холбогдлыг цөөн үгээр илэрхийлсэн хэрэг.Хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь зөвхөн сайн эцэг, эхийн ухамсар, амьдралын туршлагатай холбоотой бус, бүх эцэг, эхчүүдийн хуулиар хүлээсэн заавал биелүүлэх ёстой үүрэг юм.Энэ талаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөдөр үйлчилж байгаа Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил”-ийн талаар, 10 дугаар зүйлд “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага”-ын талаар тодорхой тусгасан байдаг.2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд “Хүүхдийн эрхийг зөрчих” гэсэн бүлгийг шинээр оруулж хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хоёр зуун нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, дээрх үйлдлийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хор уршиг учирсан, амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн албаны тухай хуулинд тусгайлсан заалтыг оруулж, холбогдох журмуудыг боловсруулан батлуулж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиг үүргийнхээ хүрээнд хурал, зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг, сургалт, сурталчилгааны ажлуудыг тасралтгүй зохион байгуулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүүхдэд захиргааны хяналт тогтоох, хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа боловч хүүхэд бүрт хүрч чадахгүй байна.Нийтэлсэн огноо: 2019-01-16 14:13:55
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.