Улс төр
ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулга хийлээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Засаглал” бүлгийн зорилгыг “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.” гэж тодорхойлсон. Тус урт хугацааны хөгжлийн бодлогын “Ухаалаг засаглал” зорилтод 2021-2030 онд “Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байна.” гэж, 2031-2040 онд “Хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй гишүүдээр Улсын Их Хурлыг бүрдүүлнэ.” гэж, 2041-2050 онд “Ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын Их Хурал төлөвшинө.” гэж, “Ухаалаг бүтэц” зорилтод 2041-2050 онд “Төрийн бодлого, үйл ажиллагаа иргэн төвтэй болж, иргэн төвтэй захиргааны бүтэц төлөвшинө.” гэж хүрэх үр дүнг тусгасан. Түүнчлэн “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” зорилтод 2030 он гэхэд “Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тодорхойлсон гэлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталж, Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөтэй байх, түүнийг батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих нь Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгосон. Тиймээс Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулж, гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын алсын хараа, түүнчлэн нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацад тулгуурласан, нээлттэй, олон ургалч үзлийг хангасан парламент байх эрхэм зорилгыг тогтоолын төсөлд тодорхойлжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шата д хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, хууль тогтоох үе шатад үр нөлөөний үнэлгээнд үндэслэж хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсруулах бүх үе шатад инновац, технологийн дэвшлийг дэмжих, цаашид парламентын үйл ажиллагаанд олон ургалч үзлийг хөхиүлэн дэмжих, гишүүд төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг хүрээг хамруулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хавсралтаар батлахаар тусгаж, тус стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгахаар тусгажээ. Мөн эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах бүх үе шатад Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг шалгуур болгон хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад дүн шинжилгээ хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Байнгын хороодод үүрэг болгохоор тусгасан байна.
Түүнчлэн тус стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтэд нь жил тутам мониторинг, хоёр жил тутамд үр нөлөөний үнэлгээ хийж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан заалт тусгажээ.
Тогтоолын хавсралтаар батлах Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тусгажээ. Үүнд:
1.Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас батлах, биелэлтэд хяналт тавьж, тайлагнах хүртэлх бүх үе шатад хүн төвт үзэл санаанд суурилж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан эсэхийг нягталдаг, дүн шинжилгээ хийдэг байх, Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон талт түншлэлийг сайжруулах зорилтууд тусгасан байна.
2.Монгол Улсын Их Хурал үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргах зорилгын хүрээнд хууль тогтоомж, Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа, залгамж чанарыг хангах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг тусгажээ.
3.Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас эхлэн батлах, биелэлтэд хяналт тавьж, сурталчлах хүртэлх бүх үе шатад шинжлэх ухаанд суурилан инновац, технологийн дэвшлийг дэмжиж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл, дүн шинжилгээг шийдвэр гаргахад үр өгөөжтэй ашиглах талаарх зорилтуудыг тусгасан аж.
4.Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилгын хүрээнд иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэх, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтууд тусгагджээ.
5.Монгол Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулахад нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн дэвшилтэт арга, хэрэгсэл ашигладаг болохоос гадна Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлэх, парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх зорилтуудыг тусгасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зардлыг холбогдох үйл ажиллагааны зардлын эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлэхээс гадна улсын төсөв, олон улсын байгууллага, гадаад улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Дунд хугацааны стратегид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 5 жилийн улсын хөгжлийн төлөвлөгөө, 10 жилийн зорилтот хөтөлбөр багтдаг. Харин УИХ-ын 2024-2008 оны стратеги төлөвлөгөө Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4.8-д “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ажлын хэсэг ирэх 4 жилийн бүрэн эрхийн хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Эцэст нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм9 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав