Улс төр
А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай

Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраагаас тодрууллаа.
-УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сүүлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Дотоод орчны бохирдол ба эрүүл ахуй, аюулгүй байдал”, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Дотоод орчны агаарын чанар”, Барилгын хөгжлийн төвийн “Замын-Үүд боомтын барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори” сэдэвт мэдээлэл, зөвлөмжийг сонсож, санал солилцлоо.
-Ажлын хэсгийн сонссон мэдээллүүдийн хүрээнд олон нийтэд дотоод орчны бохирдлын талаар ямар мэдээлэл өгөх вэ?
-Дотоод орчны агаарын чанарт анхаарах шаардлагын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, мэдлэг олгох, бохирдлын талаар сэрэмжлүүлэх, сэргийлэх зөв арга замыг таниулах нь чухал гэж бодож байсан, ажлын хэсгийн түвшинд сонссон мэдээллүүдийн дараа ч мөн адил. Ажлын хэсгийн хуралдаанаар бид сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлын талаар түлхүү ярилцсан. Нэн тэргүүнд бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш нар энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байж, хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй байна.
-Хүн дотоод орчинд олон цагийг өнгөрүүлдэг, улмаар дотоод орчны агаарын чанар нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгийг хүмүүс тэр бүр анхаардаггүй. Дотоод орчны агаарын чанарыг хянахад хил, гаалийн байгууллагаас эхлээд хувь хүний хариуцлага, сонголт хүртэл өргөн хүрээнд ажиллаж бололцоотой. Тэгвэл УИХ-ын түвшинд ямар хэлбэрээр шийдвэр гаргах боломжтой вэ?
-Ажлын хэсэг асуудлыг судалж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа, дүгнэлт хараахан гараагүй байна. Өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны хүрээнд харахад нэн тэргүүнд одоо мөрдөгдөж буй хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна. Эдгээрийг мөрдөөгүйгээс, нөгөө талаас хувь хүн дотоод орчны агаарын чанарын нөлөөллийн талаар мэдээлэл, ойлголтгүйгээс болоод “улаан дохио” асах хэмжээний асуудал болсон. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн хуучин барилгууд агааржуулалтын системгүй, анхнаасаа суурилуулаагүй байдаг. Суурилуулсан байлаа гэхэд тэрийгээ хэрхэн зохистой ашиглах талаараа мэддэггүй, зарим нь бүр битүүлчихсэн байна. Цэцэрлэг, сургуулийн барилгууд дулаан алдагдал ихтэй учир хүүхдүүдийг дааруулахгүйн тулд цонх онгойлгохгүй, агаар сэлгэдэггүй зэрэг олон жишээ дурдаж болно.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр, сүүлийн үеийн судалгаануудад үндэслэн яригдсан өөр нэг ноцтой зүйл гэвэл 0-5 насны хүүхдүүдийн цуснаас хүнд металл, тэр дундаа хар тугалга илэрч байна. Зарим суурин газар энэ үзүүлэлт өндөр байгаа нь тухайн орчинд нь эх үүсвэр их байна гэсэн үг. Хар тугалганы хор аюулын талаар бүгд мэднэ, маш их ноцтой. Хүнд металлын хордлого нь тархи, уушги, бөөр гэх зэрэг цуллаг эрхтэнд нөлөөлдөг. Урт хугацаандаа хүний эрүүл мэнд, насжилтад нөлөөлнө, суурь өвчлөл үүсгэнэ, амь насанд аюултай.
Манай нөхцөлд гадаад орчны бохирдлын асуудалтай зэрэгцүүлээд дотоод орчны бохирдлын талаар ярихад амаргүй. Гэхдээ ихэнх цагаа дотор өнгөрүүлдэг хүмүүс эрүүл мэндээ бодоод ажиллаж, суралцаж, амьдарч байгаа дотоод орчныхоо агаарын чанарт анхаарах шаардлагатай юм. Бид дотоод орчны агаарын чанарт анхаарч, хянах, тохируулга хийх боломжтой байдаг тул нийтээрээ мэдээлэлтэй, мэдлэгтэй болох нь маш чухал байна. Эхлээд төрийн байгууллагууд энэ чиглэлээр нийтэд мэдээлэл түгээх, мэдлэг олгоход анхаарч ажиллах, улмаар хүн бүр, хэвлэл мэдээллийн байгууллага бүр нийгмийн асуудал гэдгийг нь ойлгож, нийтийн сайн сайхны төлөө анхаарал хандуулж, хамтарч ажиллахад эхний үр дүн гарах боломжтой.
Боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн худалдан авалтыг ногоон болгох саналыг олон талаас гаргаж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийг хурдасгах, эрүүл орчинд ажиллаж, амьдарч, суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Ногоон худалдан авалт” нь үнэтэй юм шиг санагдана. Евро стандартын хүрээнд гэхэд л Европын бүх орон хар тугалгатай будаг хэрэглэхээ болиод удаж байна. Бас формальдегид хэрэглээнээсээ халсан жишээг дурдаж болно. Эхлээд хүүхдийн гутлыг формальдегидийн найрлагатай бодисоор боловсруулсан арьсаар доторлохыг хориглосон. Дараа нь бүх төрлийн арьс ширний боловсруулалтдаа формальдегид найрлагатай бодис хэрэглэхгүй байх стандарттай болж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Энэ мэт шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр аяндаа тэр бодисыг хэрэглэхээ больсон байдаг.
Улсын Их Хурлаас дотоод орчны агаарын чанарын асуудлаар тухайлсан эрх зүйн зохицуулалт хийх боломжгүй ч Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай хуулиуд болон салбар бүрийн хуульд холбогдох зохицуулалтыг тусгахад анхаарч ажиллах боломж бий. Мөн Байнгын хорооны болон Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч, үүрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах бололцоотой. Өдгөө мөрдөгдөж буй стандарт, дүрмүүдийг сайн хэрэгжүүл гээд орхиж болохгүй, өнөөгийн хэрэгцээ, нөхцөлд тааруулан шинэчилж, өөрчлөн цаг үетэйгээ нийцүүлэх шаардлагат бий.
-Дотоод орчны агаарын чанарын асуудалд УИХ анхаарал хандуулсаар ирсэн. Тодруулбал, 2022 онд Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах хяналтын сонсголыг хийж байсан?
-Ажлын хэсгийн төлөвлөгөөндөө тэр сонсголын үр нөлөөний талаар судалж, танилцахаар тусгасан. Ахиц гарч байгаад баяртай байгаа. Тухайлбал ажлын хэсэгт мэдээлэл танилцуулж байгаа байгууллагуудын зүгээс тухайн үетэй харьцуулахад өнөөдөр олон нийт дотоод орчны агаарын чанарт анхаардаг болсон гэдэг мэдээллийг өгч байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээнд ямар будаг хэрэглэсэн талаар эцэг, эхчүүд, асран хамгаалагчид асуудаг, анхаардаг болсон гэж байсан.
-Ажлын хэсгийн үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?
-Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Бейсен, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Ө.Шижир нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Одоогоор ажлын хэсгийн үйл ажиллагаа төрийн байгууллагууд руу чиглэсэн мэдээлэл сонсох, нэгтгэх зэрэг судалгааны шатандаа явж байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд дотоод орчны агаарын чанарт анхаарал хандуулах, мэдээ мэдээлэл солилцох ажлыг төлөвлөсөн байгаа. Мөн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, олон улсын байгууллагуудын зөвлөгөөн хийх зэрэг ажил төлөвлөсөн. Бид холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний санал, шаардлагатай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав