Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.
2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.
Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг онцоллоо.
Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.
Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.
УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан.
Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ.
2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.
Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улс төр
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд болов.
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
“Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, тус асуудлаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгалаа.
Улс төр
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй.
Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд мэдээллээ.
Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд
- “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар
- “Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар гэх зэрэг 32 асуудал хэлэлцэж байна.
-
Улс төр10 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм9 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм9 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм13 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Улс төр10 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм9 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ