Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хурлын хүрээнд болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцов. Тус уулзалт нь 2017 онд Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын хэсэг бөгөөд энэ удаагийн уулзалтыг Франц Улс, Казахстан Улс, Саудын Арабын Хаант Улс, Дэлхийн банктай хамтран зохион байгууллаа.
Дээд түвшний уулзалтаар 10 орчим улсын төр, засгийн тэргүүн, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
Усны Дээд түвшний уулзалтын нээлтэд Саудын Арабын Угсаа Залгамжлагч Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ажай Банга нар оролцож үг хэллээ. Уулзалтаар хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн шийдэл, байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбар дахь санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломж зэрэг устай холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс 120 гишүүн улсыг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилга”-д нэгдэн орсон улсын хувьд энэхүү Дээд түвшний уулзалтад оролцож, усны чиглэлээрх дэлхийн томоохон арга хэмжээнд дуу хоолойгоо өргөсөн нь чухал ач холбогдолтой болов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улс хариуцлагатай уул уурхай хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар уул уурхайн түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг дурдлаа.
Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд ус хангамжийн аюулгүй байдал, усны нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Улс төр
Бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдэлд жендэрийн асуудлыг тусгахыг сайд С.Одонтуяа уриаллаа
Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16-р бага хурал /Cop16/ үргэлжилж байна. Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэллээ.
Уулзалтыг Саудын Арабын Байгаль орчин, Ус, Хөдөө аж ахуйн сайд ноён Абдулрахман Аль-Фадли, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ноён Ибрахим Тиау нар нээлээ. Тус уулзалтыг Финландын Ерөнхийлөгч асан, UNCCD-ийн Газрын Элч, хатагтай Таря Халонен даргалав.
“Урам зориг, Инноваци, Саад бэрхшээл” сэдвээр Гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Маймуна К. Алхалил, Олон улсын байгаль хамгаалах холбооны ерөнхийлөгч Эрхэмсэг Разан Аль Мубарак, Нигерийн Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Эрхэмсэг Имаан Сулайман-Ибрахим болон газрыг нөхөн сэргээх үйлсэд манлайлагч эмэгтэйчүүд илтгэл тавьлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монгол Улс байгаль орчин, газрын менежментэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад ач холбогдлыг өгч, бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, хүйсийн ялгаатай өгөгдөл мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээг нарийвчлан хийх ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн, бид боловсролыг өөрчлөлтийн үндэс гэж үзэн, мэдлэг, мэдээлэл түгээх зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан бүх хүйсийн хүмүүсийг байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой дадлыг бий болгох замаар чадавхжуулж, идэвхжүүлэхийг зорьж байна гэлээ.
Үндэсний түвшинд хэрэгжүүлж буй хүчин чармайлт чухал боловч нь цөлжилт, газрын доройтол, гангын асуудлыг шийдвэрлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын бүх хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг тусгах санаачилгыг бүрэн дэмжиж байна.
Жендэрийн эрх тэгш байдал бол зүгээр нэг зорилго биш харин газар нутгийн доройтлоос ангижирч, илүү хүчирхэг орон нутаг, нийгмийг бий болгох чухал түлхүүр юм хэмээн онцоллоо.
Та бүхний мэдэж байгаачлан, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. Бид СОР16 -ийн шийдвэр, ахиц дэвшлийг үргэлжлүүлэхийн тулд “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр ба газар” олон улсын эвсэл байгуулах саналыг дэвшүүлж байгаа билээ. Энэхүү санаачилга нь жендэрийн эрх тэгш байдал ялангуяа залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд тусгайлан оруулахад чиглэх юм.
Өнгөрсөн 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын үеэр би “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлэг” байгуулах санаачилгыг гаргасан. Энэхүү бүлэг нь СОР17-ийн үеэр жендэрийн эрх тэгш байдлыг тэргүүлэх чиглэл болгох зорилготой тул Та бүхнийг энэхүү санаачилгад нэгдэхийг уръя. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдлүүдэд тусгахын төлөө Та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна гэсэн юм.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэгийн болон энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилтэд дэмжлэг болох хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, зохицуулах зэрэг үйл ажиллагааг Засгийн газрын зорилт, тэргүүлэх чиглэл, НҮБ-ын системийн байгууллагын зорилготой уялдуулан ажилладгаас гадна үйл ажиллагаандаа стратеги төлөвлөлт, түншлэл, хөгжлийн санхүүжилт, дата удирдлага, үр дүнгийн хяналт, тайлагналт, мэдээлэл харилцааны чиглэлийг анхаарч ажилладаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар өргөн барилаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал хүлээн авч, Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу Засгийн газраас төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж байгаа талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр дурдаад, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд нэгдсэн төсвийн орлого, зарлага, тэнцэл болон бусад үзүүлэлтүүдийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгахаар заасан байдаг нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосон хэмээлээ.
Эдийн засгийн өсөлт ирэх онд 8.0 хувь байх төлөвтэй байгаа талаар тэрбээр Улсын Их Хурлын дэд даргад танилцуулав. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлнө хэмээн тооцжээ. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засаг 6.5 орчим хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд тус тус хүргэхээр хуулийн төсөлд тусгасныг Тэргүүн шадар сайд онцоллоо. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулжээ. Тухайлбал, гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ийн 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасны дагуу нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2025 онд 3.3 хувь, 2026-2027 онд 2.0 хувьтай тэнцэж байгаа нь хуулийн холбогдох шаардлагыг хангаж байгаа юм байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгасан шинэ цаглаврын дагуу хуулийн төслүүдийг өргөн барьж байна хэмээгээд төсвийн төсөлд өөрчлөлт орж буй хэдий ч бид хөгжлийн томоохон зорилтуудаасаа ухрахгүй гэлээ.
Төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” бөгөөд Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын үндсэн бодлогын хүрээнд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлуудад үндэслэн тодорхойлж, шаардлагатай салбарын реформыг эхлүүлж, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Нийгэм13 цаг өмнө
УГТЭ: БНСУ-ЫН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧТАЙ ХАМТАРНА
-
Нийгэм22 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг 700 гаруй хүн цэвэрлэж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно
-
Улс төр22 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
-
Улс төр22 цаг өмнө
Эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв
-
Улс төр2 цаг өмнө
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа