Улс төр
УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 16-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар үргэлжиллээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн тус Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатар, гишүүдэд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарын нэрийг дэвшүүлсэн гээд Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, ирүүлсэн гэв.
Мөн Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг томилсон. Байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэж байлаа.
Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцсэн гээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг, тус зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Тунсагийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр нарыг томилуулахыг дэмжье гэсэн томьёоллоор нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухай бүр дэмжсэн болно. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн гишүүнээс чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Б.Мөнхсоёл гишүүн танилцуулгадаа онцлов.
Нэр дэвшигчид болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Соронзонболд, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Э.Батшугар, Г.Очирбат, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат, Б.Хэрлэн, М.Мандхай, П.Сайнзориг, Ч.Анар нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Монголбанк санхүүжилтийн бодлогыг хэрхэн дэмжиж ажиллах талаар лавлахад, нэр дэвшигч Н.Ууганбаатар, “Жижиг, дунд бизнесийг дэмжих нь мөнгөний бодлоготой холбоотой. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа мөнгөний бодлогоос салангид байх ёстой тул шууд нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Хяналтын зөвлөлөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж хариулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр дижитал технологийг хяналтын чиг үүрэг, үйл ажиллагаандаа хэрхэн, яаж нэвтрүүлэх талаар тодруулахад, нэр дэвшигч Г.Тэлмэн “Монголбанкнаас банкны үйл ажиллагаа эрхэлж буй 25 банк, болон банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдийн үндэсний төлбөрийн системд оролцдог болсон. Ингэснээр 24 цагийн турш үргэлжлэх зээл, төлбөр тооцооны үйл ажиллагааг Монголбанк зохицуулдаг. Үүнийгээ дагаад тус банк хяналт шалгалтдаа боломжийн сайн технологиудыг ашигладаг. Гэхдээ банкнаас бусад үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдээс иргэд давхардуулж зээл авснаар эцэстээ өрийн дарамтад орж, төлж чадахгүйд хүрдэг тул Монголбанкнаас нэн яаралтай зээлийн мэдээллийн сангийн мэдээ нийлүүлэлтийг бодит горимд шилжүүлэх шаардлагатай байна” хэмээн хариулж байлаа.
Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэжлийн хүмүүс ажиллахаар болж буйд амжилт хүсэхийн зэрэгцээ Монголбанкны Хяналтын зөвлөл чухал үүрэгтэй газар тул зөвд зөөлөн, бурууд хатуу байх төрийн хүний зарчмыг барьж ажиллах, цаашлаад төсөв болон төрийн мөнгөний бодлогыг холилдуулахгүй байх, банканд хураагдсан хөрөнгийг борлуулж, шилжүүлэх замаар Капитал банкны хохирогчид болох Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах асуудалд анхаарал тавьж, шуурхай ажиллахыг хүсэв. Мөн Монголбанкы Хяналтын зөвлөл хараат бусаар ил тод, холбогдох зөвлөмжүүдээ хэрэгжүүлж ажиллахын тулд санаачилгатай, зоригтой ажиллахыг захиж байлаа.
Дараа нь санал хураалт явуулахад Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Н.Ууганбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.2 хувь нь, тус зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадоржийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Г.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь, Т.Тэлмэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь, У.Хосжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Д.Энхжаргалыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.5 хувь, Г.Эрдэнэбаярыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь нь тус тус дэмжлээ. Иймд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан нарыг тус зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжсэн.
Дараа нь Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилуулахаар саналаа ирүүлсэн болон Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 05 дугаар тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарын нэрийг дэвшүүлснийг дурдаад Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, тус Байнгын хороонд ирүүлсэн гэж байлаа.
Мөн Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу баталсан “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 08 дугаар тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон гэв.
Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуугаагүй бөгөөд Идэшийн Батхүү, Төмөрбаатарын Гарамжүгдэр, Авирмэдийн Даваасүрэн, Ганболдын Золбоо, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Дорждэрэмийн Цолмон нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг П.Сайнзориг гишүүн онцолсон.
Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төлөвлөгөө, төсвийн үр дүнг зөв хэмжиж чадахгүй байгааг дурдаад Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр томилогдохоор нэрээ дэвшүүлсэн багийнханд зөв шалгуур үзүүлэлтийг хэзээнээс ашиглаж, олон улсад хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийхэд тодорхой бодлого, зорилт байгаа эсэхийг лавлаж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн А.Аруинзаяа, Статистикийн тухай хуулиараа орон тооны бус зөвлөл байгуулах гэж буй учраас УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Шинжлэх ухааны академиас тус бүр хүнээ дэвшүүлж, иргэдийн төлөөллөөс хүмүүс оруулж ирж байгаа нь сайн хэрэг гээд Үндэсний статистикийн хороо нь мэргэжлийн байгууллага тул статистикийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулах, олон нийтэд таниулахад онцгойлон анхаарч, улмаар Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулахад хамтарч ажиллахыг хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн салбар хоорондын уялдааг хангаж мэдээллийг боловсруулах, статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр түгээхэд анхаарч, хариуцлагатай ажиллахыг захиж байв.
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр И.Батхүү томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь, Т.Гарамжүгдэрийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, А.Даваасүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь, Д.Мягмарцэрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 50.5 хувь, Д.Цолмонг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.9 хувь, Г.Золбоог томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь тус тус дэмжсэн.
Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсох санал гаргалаа. Иймд “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай”, “Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, дарга, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найрууллагыг сонсов.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос зарчмын зөрүүтэй 1 санал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцоллоо.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос төслийн 2 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Иймд уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.
Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрч “Үндсэн хуулийн цэциин 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 57 дугаар тогтоолыг баталсан гэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Дээрх ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн иргэний халдашгүй, чөлөөтэй, хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнийг Б.Заяабал гишүүн танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар “Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан саналыг төсөлд нэмж тусган “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжлээ.
Хуралдаан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцлов.
Мөн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална….” гэж өөрчлөн найруулсан. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тоггоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 274 тогтоолыг тус тус баталсан тул Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь дэмжив.
Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус Байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв.
“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг”, 5 дугаар хавсралтаар “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг” тус тус тогтоосон.
Монгол Улсын Их Хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална. …” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тогтоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 274 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэгт нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоол, түүний 3, 4 дүгээр хавсралтад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, 5 дугаар хавсралтыг хүчингүй болгох хэрэгцээ шаардлага үүссэн гэлээ.
Тогтоолын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоохоор, мөн бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.
“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” тогтоолын төслийг батлав
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулсан.
2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр тэрбум төгрөгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав.
Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв.
Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав.
Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Л.Соронзонболд гишүүн онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдаан Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар дээрх тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Жаргалсайхан, С.Замира, Б.Заяабал, Г.Лувсанжамц, С.Лүндэг, П.Мөнхтулга, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Да.Цогтбаатар, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.
Мөн Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үед гишүүдийн асуулт, санал, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал, хууль зүйн дүгнэлтийн хүрээнд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал, 2 найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан 3 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан гэв.
Түүнчлэн хуулийн төслийн нэршилд хот төлөвлөлтийг агуулгыг нэмэх, зорилго, зарчмыг тодруулах, суурь шинжтэй үндсэн зарчмыг эрэмбэлэн тусгах, Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн зохицуулалттай хуулийн төслийн зарим хэсгийг нийцүүлэх, хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд хотын удирдлагыг хэрэгжүүлэх Зөвлөл, Захирагчийг Засгийн газар томилох, чөлөөлөх зохицуулалтад өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан байгаа тул тухайн хуулиар зохицуулах, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг, орон нутгийн дэмжлэгийн хэсгийг төслөөс хасах, хуулийн үйлчлэх хугацааг тухайн хотын оршин суугчийн тоо 10000-д хүрч хуулийн дагуу хотын Зөвлөл, Захирагч сонгогдох хүртэл хугацаанд үйлчлэх зэргийг хамарсан болно гэв.
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан 58 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд ажлын хэсэг Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудад нэмэлт оруулах, мөн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед боловсруулж, хэлэлцүүлэх талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнийг Л.Соронзонболд гишүүн онцолж байлаа.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой 9 дэх саналыг гүйцээн боловсруулах чиглэл авсан бол төслийн 8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалтыг хасаж, мөн зүйлд “байгаль экологи, археологи, палеонтологи, нүүдлийн өв, соёл, нутгийн иргэдийн ахуй амьдралд түшиглэсэн, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх”,“түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээлд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах” гэсэн 8.1.18, 8.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 8 дугаар зүйлд “Хотын ерөнхий төлөвлөгөөг 20 жил, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 5 жилийн хугацаатайгаар төлөвлөх бөгөөд оршин суугч болон аж ахуйн нэгжийн санал, барилгажилтын түвшин, хотын Зөвлөлийн олонхын шийдвэрийг үндэслэнэ” гэсэн 8.3 дахь хэсэг, төслийн 27 дугаар зүйлд “Хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулна.” гэсэн 27.5 дахь хэсэг тус тус нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулагчдын төлөөллөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.” гэсэн 28.7 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Мөн эл өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийснийг дурдаад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
5 | УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан | Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | 214 тоот |
Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ