Улс төр
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар 2025 оны 02 дугаар сарын 12-нд Увс аймгийн Улаангом суманд ажиллах үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хууль батлагдах нэг хэрэг, харин батлагдсан хуулийг иргэд олон түмэнд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэн биелүүлэх, сахин мөрдүүлэх нь эрх зүйт төрийн хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат мөн. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хууль хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг юм. Намрын чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох талаар онцгойлон тусгасан. Энэ бодлогыг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоход тус төвийн үйл ажиллагаа чухал юм. Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй зургаа дахь аймаг болж байна. Өнөөдрийн энэ ёслолын үйл ажиллагаа протокол, тэмдэглэл болоод дуусах ёсгүй. Улсын Их Хурлаас дэвшүүлсэн эрх зүйн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил хэрэгч, амьд хөдөлгөөн болон өрнөж, Увс аймагт хууль дээдлэх ёс хэрэгжиж байгааг улс даяар харуулах жишиг болсноор үр дүн нь хэмжигдэх болно. Төвийн үйл ажиллагаа хэзээд иргэдэд нээлттэй, ил тод, бүтээлч, шуурхай байх төдийгүй, хуулийг тайлбарлах, ойлгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах олон хэлбэрээр орон нутаг дахь төрийн бүх байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдтэй нягт хамтран ажиллавал зохино. Тус төвийн бас нэг үндсэн зорилго, ач холбогдол бол хууль батлагдахаас өмнөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэх, мөн өмнө нь батлагдсан хуулиуд, болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан дүрэм, журмууд амьдралд нийцэж буй эсэх талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх, шаардлагатай бол өөрчлөх, санал хүсэлтээ D-parliament болон бусад олон хэлбэрээр илэрхийлэх боломжийг нь хангах замаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал билээ. Үүний тулд тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамаарах бүх субъектүүдийн санал хүсэлтийг сонсдог хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн өрнүүлэх, сонсгол зохион байгуулах зэрэг олон шинэлэг арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Мөн энэ үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг Улаангом суманд нээж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлж, хэрэгжүүлэх эрхийг хангаж, Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан цаашид үйл ажиллагаагаа явуулж, Улсын Их Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын ажиллагаа, олон нийтэд хууль сурталчлах ажлыг тогтмолжуулахад гол гүүр болон ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Төв Азийн хэсгийн дэд дарга К.Энглер цахим мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг 2024 онд албан ёсоор зогсоохоор тогтсон хэдий ч Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул 2026 он хүртэл хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт байгуулснаар хүн бүр баталгаатай, бодит мэдээллийг илүү хялбар, шуурхай байдлаар олж авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мэдлэг, мэдээллийн хүртээмжтэй байдал нь улс орны цаашдын хөгжилд чухал үүрэгтэй билээ. Тиймээс энэ нь хүн бүрийн эрх, үүрэг, хариуцлага юм хэмээн цахим мэндчилгээндээ тодотгов.
Нээлтийн арга хэмжээ Улсын Их Хурлын Тамгын газар болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хууль тогтоомж сурталчлах төв нь Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч буй шийдвэрийг олон нийтэд тухай бүр хүргэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, парламентын боловсрол болон өсвөрийн парламент хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.
Мөн иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна эрх зүйн боловсрол олгох хүрээнд номын сангийн булан ажиллулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023, 2024, 2025 оны дугаарууд, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 21 боть ном, мөн Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг Монгол Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы танилцуулга ном зэрэг 1400 гаруй ширхэг ном, гарын авлага, эмхэтгэлийг нийлүүлэв. Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монголын түүхэн сурвалж бичгүүд” 33 боть номыг тус төвд гардууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох тухай хуулийн зохицуулалт болон стратеги бодлогын зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын Тамгын газар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймагт байгуулаад байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэ

Улс төр
“Цагаан алт” хөдөлгөөн-төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), төрийн байгууллагууд, арилжааны банкууд болон ноос ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Малын гаралтай түүхий эдийн боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг хөдөлгөөний төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг 2025.02.20-нд Төрийн ордонд боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Mонголчууд бид 60 орчим сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашиглах ёстой. Ганцхан жишээ дурдахад, жилдээ 30 мянган тонн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна. Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна. Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8-10 мянган ажлын байр шинээр бий болгох юм. Энэ зорилгод хүрэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их наяд төгрөгийн өртөгтэй татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилт гээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгаж, төрийн 12 байгууллага хамтран ажиллахаар болсон. Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно. Зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан.
“Цагаан алт” хөдөлгөөн амжилттай хэрэгжих эсэх нь дан ганц салбарын яамны биш, төрийн бүх байгууллагын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг онцлон тэмдэглэж байна. Уг хөдөлгөөнийг үр дүнтэй, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид маань санаачилга гарган “Цагаан алт” төрийн бус байгуулага болон “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэнд талархал илэрхийлж, “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагаа дайчлан үр дүн гарган ажиллахыг хүсье” гэлээ.
Зөвлөлдөх уулзалтын үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө, арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, ХХААХҮЯ, Монголбанк болон арилжааны 10 банктай хамтран ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Зөвхөн 2025 онд боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийт 788.9 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм. Энэхүү санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгаснаар арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн бол ХХААХҮЯ хүүгийн хөнгөлөлтийн зөрүү болох 66.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэх юм. Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 100 тэрбум төгрөгийг ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгоод байгааг танилцууллаа.
Ийнхүү хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, боловсруулах салбарт хөрөнгө оруулснаар ноолуурын бүрэн боловсруулалтыг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000гаруй ажлын байр бий болно. Ноосны боловсруулалтыг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно. Арьс, ширний боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000гаруй ажлын байр бий болно хэмээн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжих 4 жилийн зорилтыг танилцуулав. Хөдөлгөөний нийт санхүүжилт нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 их наяд төгрөгийг нь арилжааны банкууд санхүүжүүлэх тооцоо гаргажээ.
Мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлээр дамжуулан экспортыг дэмжих “Цагаан алт” хөдөлгөөн нь хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнүүдтэй нягт уялдаатай хэрэгжиж буй онцолсон юм.
Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийн үеэр ноос ноолуур, арьс ширний салбарын мэргэшсэн холбоод нэгдсэн саналаа илэрхийлэв. Тухайлбал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргасан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, боловсруулах шат дамжлага хооронд ногдуулдаг НӨАТ-ыг чөлөөлөх, судалгаа шинжилгээний нэгдсэн лабораторитой болох, экспортын нэгдсэн брэнд үүсгэн, “Монгол ноос, ноолуур” шошго дор маркетингийн бодлогоо нэгтгэх, төрөөс боловсруулах үйлдвэрүүдийн хүний нөөцийн бодлогод дэмжлэг үзүүлэх саналаа хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хэлсэн санал, дүгнэлтэд хариулт өгсөн бөгөөд тэрбээр “Хөнгөн үйлдвэрийн салбарт сэргэлт авчрах үндэсний хөдөлгөөн иж ажил дөнгөж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн дүнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт техник технологи, тоног төхөөрөмжийн том дэвшил гаргаж чадсан. Дэлхийн малын гаралтай түүхий эдийн зах зээлийн төлөв ч өөдрөг байгаа. Энэ үеийг бид ашиглах ёстой. Одоо “Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх компаниуд өнгөрсөн 30 жилд салбартаа шалгарч, туршлагажиж үлдэж чадсан. Салбартаа үнэнч үлдсэн аж ахуйн нэгжүүд. Тиймээс “Цагаан алт” хөдөлгөөн задгайрахгүй амжилттай хэрэгжинэ. Яам технологи талаасаа нарийн хяналт тавьж ажиллана. Бид одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эцсийн дүндээ экспортыг бодлогоор дэмжинэ” гэсэн бол Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зөвлөлдөх уулзалтыг хаан, дүгнэж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчөөс санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт эдийн засгийнхаа 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний том мөнгөн дүнтэй дэмжлэг үзүүлж байгаа. Татвар төлөгчдийн 1 төгрөгийг ч үр дүнтэй ашиглах ёстой. “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнг гаргахын төр, хувийн хэвшил нягт хамтрах ёстой” гэсэн юм.
Улс төр
Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспари Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Жуух бичиг өргөн барьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр улсын олон зуун жилийн түүхт харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбарт улам идэвхтэй хамтрах талаар санал солилцлоо.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.
Улс төр
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.
Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, төрийн албан хаагчид аа,
Эрхэм нөхөд өө.
“Цагаан алт” болсон мал аж ахуй гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, тэдгээрийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар болон төрийн байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Ялангуяа, олон мянган жилийн туршид монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг боловсруулж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.
Тухайлбал, өнгөрсөн зууны 1960-1990 онд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүхий эдийн боловсруулалт, үр ашиг, чанар сайжирч, мэргэжлийн боловсон хүчнээ эх орондоо бүрэн бэлтгэж байсан.
Үр дүнд нь 1980-аад оны сүүл гэхэд мал аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрлэл нийт аж үйлдвэрийн салбарын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, 40 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг эдийн засгийн тэргүүлэх салбар байлаа.
Харин 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд цаг үед аж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар ихээхэн бэрхшээл, сорилттой тулгарсан.
Гэхдээ 2000 оноос хойш ноос, ноолуур, арьс, шир, оёдол, тавилга, хэвлэл зэрэг цөөнгүй салбарт тодорхой сэргэлт ажиглагдсан.
Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд л 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна.
Бид жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллараар гадаадаас худалдан авч байгаа.
Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай. Чаддаг байсан зүйлээ сэргээн хөгжүүлэхийн төлөө Та бид хамтран ажиллах ёстой.
Түүнчлэн цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, дайн тулаан, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудал улс орон бүрийг дотоодын үйлдвэрлэлдээ онцгой анхаарахыг сануулсаар байна.
Тийм ч учраас хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, орон даяар өрнүүлж байгаа билээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгожээ.
Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг юм.
Үр дүнд нь 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр 1,500 орчим ажлын байр бий болжээ.
Эдгээр эерэг, нааштай үр дүн нь төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн бодлого, зорилт нэг байж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч болдогийн бодит жишээ гэж үзэж байна.
Харин одоо монголчууд бид 60 гаруй сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашигладаг болох ёстой.
Ганцхан жишээ дурдахад бид жилдээ 30 мянган тн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна.
Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам эрчимжиж, ган зудын давтамж нэмэгдэж байгаа нь бидний амьдралд хүндээр тусах боллоо.
Өнгөрсөн хаврын зуд турханаас шалтгаалж нийт мал сүргийн 15 орчим хувь буюу 9.4 сая мал хорогдож, төр, засаг, түмэн олон тэр дундаа орон нутгийн иргэд, малчид томоохон хохирол амслаа.
Цаашдаа тэнгэр хангай хэзээ муудах бол, хэзээ ахиж зуд болж хэдэн малаа алдах бол гэж айж, сэтгэл зовнин суусаар байх уу?
Үүнийг шийдэх үндсэн арга бол үйлдвэрлэлээ хөгжүүлж, малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж, ашиг шимийг нь бүрэн гүйцэд авч, ард иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал юм.
Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна.
Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм.
Энэ зорилгод хүрэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их наяд төгрөгийн өртөгтэй татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилт гээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгаж, төрийн 12 байгууллага хамтран ажиллахаар болсон.
Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно.
Зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан.
Өнгөрсөн нэг сар хүрэхгүй хугацаанд 90 гаруй тэрбум төгрөгийн зээлийг ноос, ноолуур, арьс, ширний зургаан аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ ташрамд үйлдвэрлэгч улс орон болох их үйлсийг дэмжин ажиллаж байгаа банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
“Цагаан алт” хөдөлгөөн амжилттай хэрэгжих эсэх нь дан ганц салбарын яамны биш, төрийн бүх байгууллагын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Мөн уг хөдөлгөөнийг үр дүнтэй, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид маань санаачилга гарган “Цагаан алт” төрийн бус байгуулага болон “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.
Та бүхэнд талархал илэрхийлж, “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагаа дайчлан үр дүн гарган ажиллахыг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор өнгөрсөн хугацаанд есөн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллалаа.
Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань дэд бүтцээ сайжруулах, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэр үйлчилгээ, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, борлуулалт, экспортын зах зээлийг тэлэх, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.
Цаашид:
– “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын 4” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах,
– Бүсчилсэн хөгжлийн хүрээнд “Эмээлт” болон бусад аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг чангатгах,
– Малчин, үйлдвэрлэгчдийн хоорондох Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд, бусад татаас, урамшуулал, Аж ахуй нэгжийн орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой санал, зөвлөмжүүдийг сайтар судлан шийдвэрлэх,
– Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй техник, технологи, инновац ашиглах, малын эрүүл мэнд, гарал үүсэл, чанарын тогтолцоог сайжруулах,
– Төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх, гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брендинг хөгжүүлэх,
– Салбарын хүний нөөцийн дутагдалтай байдалд онцгой анхаарч, богино хугацаанд нэмэгдүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэн сургах нь чухал байна.
Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.
Мөн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэн үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, шударга бус үйлдлийн талаарх санал, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай, баримт нотолгоотой мэдэгдэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Аливаа шударга бус үйлдэл, хээл хахууль, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм.
Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна.
Эрхэм нөхөд өө,
Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.
Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлж, хүн бүрийн амьдралын чанар сайжрах онцгой чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа, олон мянган жил мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бид мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишигт хүргэн, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж, үйлдвэрлэгч, экспортлогч орон болох учиртай.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.
Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
-
Нийгэм6 цаг өмнө
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байна
-
Улс төр7 цаг өмнө
“Цагаан алт” хөдөлгөөн-төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа
-
Улс төр8 цаг өмнө
Гэгээн Ширээт Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
-
Нийгэм7 цаг өмнө
Монгол Улсын Хөгжлийн банк IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан 3 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр Толгойт, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол орчимд агаар маш их бохирдолтой байна