Улс төр
Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.
Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.
Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.
Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.
Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.
Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:
1/ төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачаа мөн тээвэрлэнэ,
2/ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,
3/ суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.
Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.
Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.
Хил дамнасан төмөр замын өртгийг бууруулах зорилгоор Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хүрээнд БНХАУ-ын гүүр, төмөр замын барилга угсралтын төрийн өмчит томоохон 2 /CRCC, CREC/ компанитай уулзалт зохион байгуулж тус бүтээн байгуулалтын ажлын өртөг, барилга угсралтын хугацааг бууруулах чиглэлээр хэлэлцэж 270 сая ам.доллараас 220 сая ам.доллар болгон 50 сая ам.доллароор, барилга угсралтын ажлыг 30 сар байсныг 22-24 сар болгон тус тус бууруулсан гэлээ.
Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Гашуунсухайт-Ганцмод боомт орчмын бүс нутагт тулгарч буй том асуудал нь устай холбоотой. Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулахад ус хамгаас чухал. Энэ газарт усны суурь судалгаа хийгдсэн үү, хэзээ хэрэглээний цэвэр устай хэзээ болох вэ хэмээн асуусан. Мөн төмөр замын хил холболт хийгдсэнээр төмөр замын тариф, авто тээврийн тариф хэрхэн өөрчлөгдөхийг тодруулаад, нүүрс тээвэрт явж буй 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл, үүнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг лавласан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Усны асуудал хүндрэлтэй байгаа. Маш гүнзгий өрөмдөөд ус гарч ирдэггүй. Зөөврийн ус хэрэглэж байна. Ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр энэ асуудлыг боомтын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, төсөв хөрөнгө гарган боомтын усан хангамжийн асуудлыг ойрын хугацаанд цогц байдлаар шийднэ гэж тогтсон.
Төмөр замын тээвэр нэг зүтгүүрээр олон угсраа вагоныг чирч явдаг гэдэг утгаараа өрсөлдөхүйц байдаг бөгөөд үнэ тарифын хувьд зайнаасаа шалтгаалж өөр өөр. Төмөр зам ашиглалтад орсноор 30 сая тонн нүүрсийг тээвэрлэж гаргах боломж бүрдэнэ. Төмөр замын тээвэр ашиглалтад орсон ч авто тээврийн ачаалал буурахгүй хэвээрээ байна. Нүүрсний экспортын өсөлт байгаа учир авто замаар нүүрс тээвэрлэгчдийн асуудал бага хөндөгдөнө. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, монголын жолооч нараар тээврийг гүйцэтгүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцсан гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Орон нутагтай харилцах чиглэлээр ажиллах нэгж “Эрдэнэс тавантолгой” компанид байгаа эсэх, ямар ажил хийхээр төлөвлөснийг тодруулсан. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудал яригдсан эсэхийг лавласан.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Компани орон нутгийн удирдлага болон холбогдох нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр талаас бүрдсэн ажлын хэсэг асуудлаа хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил болгон гэрээнийхээ хүрээнд 3-5 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн ажиллаж байна. 2025 онд ямар ажил хийх талаарх хурлаараа шийдвэрээ манай компанид ирүүлнэ гэж орон нутгийн удирдлага мэдэгдсэн гэсэн хариулт өгсөн.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Гашуун сухайт-Ганц мод боомтын статустай холбоотой асуудлаар сүүлийн 10 гаруй жил Гадаад харилцааны яамнаас дипломат шугамаар Хятадын талтай ярьж хүсэлт тавьж ирсэн. Боомтын асуудлыг хоёр улсын хилийн боомтын асуудлыг зохицуулах 2004 оны хэлэлцээрээр шийдвэрлэдэг. Хятадын тал хоёр талын гэдэг статусыг хадгалах байр сууриа тууштай илэрхийлээд явж байгаа ч хоёр тал дипломат шугамаар санал солилцоод гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг сүүлийн жилүүдэд тусгаад явж байгаа. 2020 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахад дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор шийдвэрлэсний нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомт болоод байна гэлээ.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр харилцан ашигтай байх, Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг гишүүд онцолж байгааг тодотгосон. Тэрбээр, авто зам болоод тээвэр боомтын орчин нөхцөл, орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.01/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | · Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсох
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
11.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | · “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
· Бусад |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/
· Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.30 | “Их Эзэн Чингис хаан” |
Улс төр
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн барив.
Монгол Улсад 2000 онд Донорын тухай хууль баталж цусны донорын үйл ажиллагааг зохицуулж байсан учир дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийж, эрхтний донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар нэмж тусгажээ. Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсныг хууль санаачлагчид онцлов.
Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.03.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, “Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан нь Замын-Үүд-Эрээний боомт юм. Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгийн газар хооронд албан ёсоор хэлэлцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдох юм. Монгол Улсын Засгийн газрын яам, БНХАУ -ын Хөгжил шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин нээгдэж байгаа гэсэн үг юм” хэмээн онцолж байлаа.
Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
-
Эдийн засаг16 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр17 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна