Дэлхий дахинд
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭД ШИЙТГҮҮЛЖ БАЙСАН ОРОСЫН ТЭШҮҮРЧИН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ
АНУ-ын Солт Лейк Ситид болж буй тэшүүрийн дэлхийн цомын тэмцээний 500 метрийн зайд Оросын тамирчин Павел Кулижников 33,616 секундын амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоон аваргалжээ. Японы Тацуя Шинхама, Юма Мураками нар тус тус мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Өдгөө 24 настай Павел Кулижников өмнө нь тус зайд 2015 онд дэлхийн дээд амжилтыг шинэчилж байсан аж. Тэрээр гурван зайд дэлхийн аварга болсноос гадна 2015 оны дэлхийн цомыг хүртжээ.
Гэхдээ түүний намтарт “хар үе” мөн бий. Юу гэвэл, 2012 онд сэргээшийн шинжилгээгээр түүний биенээс хориотой метилгексанамин бодис илэрч, Тэшүүрийн спортын олон улсын холбоо тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хасч байжээ. Павел Кулижников түүнчлэн 2016 онд мелдоний бодис хэрэглэсэн тамирчдын жагсаалтад орсон ч хожим хориотой бодис хэрэглээгүй гэдгээ нотолж чадан шийтгэлээс мултарчээ.
Б.Туг