Дэлхий дахинд
Дэлхийн аварга тамирчин бүсгүй амиа хорложээ
АНУ-ын эмэгтэйчүүдийн баг “Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, дугуйн спортын тамирчин Келли Кэтлин өнгөрсөн ням гаригт АНУ-д нас баржээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга тэрбээр 23 настай байсан аж.
АНУ-ын Дугуйн спортын холбооны Ерөнхийлөгч Роб де Мартини “Келли Кэтлин биднийг үүрд орхиж, Дугуйн спортын холбоонд маш хүнд гарз хохирол учирлаа. Тэр үргэлж манай холбооны нэг гишүүн хэвээр байх болно” хэмээн тэмдэглэсэн байна.
Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Үнэхээр хүнд хэцүү уй гашуу тохиолоо. Бид Кэтлиний гэр бүлийн амьдралыг хүндэтгэх болно. Гүнээ харуусаж байна” хэмээн өгүүлжээ.
Кэтлиний эцэг Марк “VeloNews”-т ням гаригт илгээсэн захидалдаа охин нь гуравдугаар сарын 8-ны өдрийн баасан гаригт Калифорни дахь гэртээ амиа хорлож нас барсан талаар мэдээлсэн байна. Марк “Кэтлинийг ийм алхам хийнэ гэж үнэхээр зүүдэлсэнгүй. Итгэмээргүй юм. Зүрх шимширч байна” хэмээн өгүүлжээ.
Келли Кэтлин АНУ-ын эмэгтэйчүүдийн багт тоглож, 2016, 2017, 2018 онуудад дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж байжээ.
Эх сурвалж: “Velo News”