Бусад
Сураг тасарсан казиногийн хууль

Монголын парламент байсхийгээд Казиногийн хуультай болно гэдэг. Хэдэн хүн төсөл боловсруулдаг ч үлдсэн хэсэг нь татаж унагаасаар ирсэн. 1998, 2007, 2009, 2015 онд УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилсан нь ийм байдалтай явж ирэв. 2016 онд Өмнөговиос УИХ-д сонгогдсон Л.Энхболд гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилж, Казино байгуулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулан өргөн мэдүүлэхээр болсон. Бас л ямар учиртай вэ, цаана нь хэн байна гэсэн хардлага, сэрдлэг хөвөрсөөр өдгөө сураг тасарчээ.
Казино байгуулах хуулийн төсөлтэй холбоотой түүх сөхвөл:
1997 он
1997 оны хавар Улаанбаатарт анх “Казино” байгуулагдаж, “Чингис” зочид буудалд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Германы иргэн Монголын компанитай хамтарч байсан ч 1998 онд хаагаад гадагшаа гарчээ.
1996-2000 он
УИХ Казиногийн хууль баталсан ч тендер будилуулж, авлига авсан гэх хэргээр Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсноор асуудал намжсан.
2005 он
“Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг дутсан. Энэ мөнгөөр тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн “Казино” тоглосон хэрэгт буруутгагдаж байв.
2006-2007 он
Ц.Шаравдорж тэргүүтэй гишүүд Казиногийн тухай хууль санаачлан өргөн барьсан нь “захиалгатай” гэх хардлага, сэрдлэгээр бас л хаагдсан. Хуулийн ажлын хэсэгт А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, К.Сайран, Д.Туяа нарын гишүүн хамтарсан юм.
2006-2007 он
УИХ-ын гишүүн Л.Гүндалай ажлын хэсэгтэй “барьцан” Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь ердөө хоёрхон хуудастай байв. Тэрбээр бусдыгаа гадны санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн лоббигоор ажиллаж байна хэмээсэн нь хуулийн төсөл буцахад нөлөөлсөн юм.
2009-2010 он
УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар ажлын хэсэг ахлан З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан, Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Лобби бүлэг” байгуулснаа зарлан Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьж байв. Энэ нь мөн л гадны лоббигоор хийсэн захиалгатай гэх шүүмжлэлд өртөж дэмжлэг аваагүй.
2014-2015 он
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Сангийн яамнаас ажлын хэсгийг зохион байгуулан Хязгаарлагдмал Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байв.
2016 онд
Л.Энхболд гишүүнээр ахлуулсан таван гишүүнтэй ажлын хэсэг 2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Өнгөрсөн намрын чуулганы үеэр Л.Энхболд гишүүнээс тодруулахад “Хуулийн төсөл бэлэн болсон ч УИХ-ын даргын зөвлөл дээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна” гэж байсан юм. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Казиногийн тухай хуулийн төсөл байгаа эсэхийг УИХ-ын Тамгын газраас тодруулахад “Хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй” гэсэн хариуг өглөө.
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэн 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 14 орчим хувийг тус салбараас бүрдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Казиног зайлшгүй шаардлагатай гэж тухайн үеийн Засгийн газар үзэж байсан юм.
Уг хуулийн төслөөр монголчуудаа мөнгөө алдахаас сэргийлсэн хязгаарлалтыг хийж, жилд 20-40 сая төгрөгийн татвар төлдөг, 25-аас дээш насны монгол хүнд Казинод үйлчлүүлэх эрх олгохоор хуульчилсан. Харин аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор хуулийн төсөлд тусгасан байв.
Казино хөгжсөн улсуудын туршлагыг авч үзвэл АНУ, Австрали, БНСУ, Сингапур, Макао, Франц улс тухайн газарт зохицуулах, хянах эрх бүхий байгууллага, тоглогч нь хэн байх, тоглогчийн насны хязгаар, казиногийн байршил, тусгай зөвшөөрлийн зохицуулалт, татварын төрөл, хувь хэмжээ, хариуцлага, зөрчлийг хянан шийдвэрлэх гэсэн асуудлыг Казиногийн тухай хуулиараа зохицуулдаг.
Харин хэрэгжилттэй нь холбоотой бусад асуудлыг дагалдаж гарах журмаар зохицуулдаг. БНСУ дотоодын иргэдээ казиногоор үйлчлүүлэхийг зөвшөөрдөггүй. Тэгвэл Сингапур улс дотоодын иргэдээ Казинод тодорхой хязгаарлалтын үндсэн дээр 24 цагийн турш 100 сингапур доллар эсвэл жилийн 2,000 ам.доллар төлж гишүүнчлэлийн эрх авч тоглохыг зөвшөөрдөг. Насны доод хязгаарын хувьд 18-21 гэж заасан байдаг юм билээ. Гэхдээ ихэнх оронд 21 наснаас эхэлж тоглохыг зөвшөөрдөг. Макао, Солонгос, Сингапурт казиногийн зохицуулах, хянах хороо агентлаг хэлбэрээр ажилладаг юм байна.
Казиногийн тухай хуулийн төсөл Монголын парламентын төвшинд яригдах бүртээ эдийн засгийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гаднаас мөнгө татах тухай шаардлагыг гол зорилгоо болгосон гэсэн тайлбартай явж ирсэн. Үүний зэрэгцээ Казиног дагаад хар тамхи, биеэ үнэлэлт, эрүүгийн ноцтой гэмт хэргүүд гардаг гэсэн айдас, болгоомжлол, шүүмжлэл өрнөдөг. Гэвч эдийн засгаа эрчимжүүлж, аялал жуулчлалаас мөнгө босгох боломж зөвхөн Казинод л бий гэлцдэг билээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр16 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй