Дэлхий дахинд
Алжирын 82 настай ерөнхийлөгч ард түмнийхээ шаардлагаар сонгуульд өрсөлдөх шийдвэрээ цуцлав
Олон хоног үргэлжилсэн иргэдийн тэмцлийн үр дүнд Алжирын өндөр настай ерөнхийлөгч тав дахь удаагаа ерөнхийлөгчийн суудалд суухын тулд сонгуульд өрсөлдөх гэж байснаа больжээ.
Одоо 82 настай Абделазиз Бутефлика ирэх сард болох сонгуульд ялбал 20 жил тасралтгүй ерөнхийлөгчийн алба хашсан хугацаагаа дахин таван жилээр сунгах байв.
Гэвч Алжир даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал цуглаан энэ санаархлыг нь таслан зогсоожээ. Мөн тус улсын 1,000 гаруй шүүгч нэгдэж, өндөр настай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх оролдлогыг хүчтэй эсэргүүцсэн юм.
Сүүлийн 30 орчим жил улс төрийн амьдрал нь тогтвортой байсан Алжир улсын хувьд энэ нь томоохон өөрчлөлт болж байна. 2011 онд Арабын хавар гэгддэг хувьсгалаар хөрш Тунис, Египет зэрэг улсуудын өмнөх дэглэм нурсан бол Алжирын хувьд тайван өнгөрсөн юм.
Гэвч Бутефликагийн засаглалын хугацаанд нэг гэр бүлийн эрх мэдэл өргөжиж, ажилгүйдэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон нь Алжирын иргэдийн тэвчээрийг барсан байна.
Иргэний дайныг зогсоож, газрын тосны орлогоор Алжирын эдийн засгийг өөд нь татсан гавьяа Бутефликаг олон жил төрийн эрхэнд байхад нөлөөлсөн юм.
Өндөр настай ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдал мөн түүний засаглалд итгэх ард олны итгэлд сөргөөр нөлөөлжээ. 2013 онд зүрхний шигдээсээр өвчилснөөсөө хойш Бутефлика олны өмнө ховорхон ил гарч, ихэнхдээ Швейцарьт эмчлүүлж байгаа.
Тэрээр Швейцариас эх орондоо буцаж ирснийхээ дараахан ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй болсон шийдвэрийг зарлажээ.
Эх сурвалж: Quartz
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.