Энтертайнмент
Биеэ үнэлэгчидтэй холбогдсон K-pop од урлагийг бүрмөсөн орхиж байгаагаа зарлалаа

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагийн нэг болох Big Bang-ийн гишүүн, тансаг амьдралын хэв маягаараа Солонгосын “Агуу Гэтсби” хочтой болсон Сюнри биеэ үнэлэгчидтэй холбогдсон дуулианы улмаас “зодог тайлж байгаа”-гаа өчигдөр зарлажээ.
Тэрээр хамтлагийнхаа менежмэнтийн агентлаг болон бусад гишүүдийн нэрийг өөрийн холбогдсон дуулианд хутгахгүйн тулд ийм шийдвэр гаргасныг инстаграм хуудсандаа мэдээлсэн юм.
Big Bang хамтлагийг төрүүлсэн YG Entertainment компанийн хувьцааны үнэ Даваа гарагт 14 хувиар унажээ. Бусад энтертайнмент компаниудын хувьцааны үнэ ханшид ч Сюнригийн мэдэгдэл нөлөөлсөн байна.
Одоо 28 настай Сюнриг өөрийн стартап компанид хөрөнгө оруулалт татахын тулд гадаадын бизнесмэнүүдийг Ганнам дүүрэг дэх хэд хэдэн шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлэгчидтэй зугаацуулж байсан гэж сэжиглэжээ.
Биеэ үнэлэлт нь Өмнөд Солонгост хууль бусд тооцогддог тул Сюнри гурав хүртэл жилийн хорих ял сонсох магадлалтай болсон байна. Үүнээс гадна Сюнригийн олон нийттэй харилцах менежэрээр нь ажилладаг Сөүлийн “Burning Sun” шөнийн клубт мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх хэргүүд гарсан гэх баримтыг хуулийнхан шалгаж эхэлжээ.
Өөрийгөө ямар ч буруугүй гэж үзэж байгаа Сюнри нэр төрөө цэвэрлэхийн тулд бүх анхаарлаа хандуулж ажиллахаа фэнүүддээ амласан байна.
Тэрээр энэ сарын 25-нд цэргийн албаа хаахаар төлөвлөж байсан юм. Өмнөд Солонгосын 18-35 насны бие бялдрын хувьд боломжит бүх эрчүүд доод тал нь 21 сарын хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.
Цагдаагийнхан түүнийг цэргийн алба хааж байх үед нь хэргийг шалгах боломжтой гэж мэдэгджээ. Харин армийн удирдлага Сюнри бичгээр хүсэлт гаргавал цэргийн алба хаах хугацааг нь хойшлуулах боломжтой гэж мэдэгдсэн байна.
2006 онд байгуулагдаж эх орондоо төдийгүй дэлхий дахинд алдаршсан Big Bang хамтлагийн таван гишүүний гурав нь хугацаат цэргийн алба хааж байгаагаас тус хамтлагийн уран бүтээл түр завсарлаад байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
