Нийгэм
С.Амарсайхан: Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа.
Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуйн нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25,652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1,116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоож, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 24 цагаар архи худалдан борлуулдаг.Иймд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа баяр ёслол, арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад уриалах санал танилцууллаа. “Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргах тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой” гэж тодотгон хэлсэн юм. Их тойруу орчимд байгаа 16 сургуульд 1-5 дугаар ангийн 9,597 хүүхдийг хувийн тээврийн хэрэгслээр зөөдөг
Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулгыг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.Өнгөрсөн 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 877 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 502 мянга 400 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Импортоор 93 мянга 700 гаруй тээврийн хэрэгсэл гаалиар орж ирсэн бол бүртгэлээс 27 мянга 600 тээврийн хэрэгсэл хасагджээ.Түгжрэлийн нэг гол шалтгаан сургуулийн сурагчдыг тээвэрлэх асуудлаас үүдэлтэй. Нийслэлийн 245 сургуульд 264 мянга 240 сурагч суралцаж байна. Жил бүр 3 сургуульд автобус шийдэж өгч байгаа. Нийслэлийн 7 дүүргийн 52 сургууль 130 хүүхдийн автобустайгаас 6,784 суралцагчийг зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжийн 79 автобус тээвэрлэж байгаа юм. Гэвч Энхтайваны өргөн чөлөө дагуу байрлаж байгаа ихэнх сургууль зориулалтын автобусгүй. Хувийн тээврийн хэрэгслээр хүүхдээ зөөдөг эцэг эхчүүд их байгаа юм. Их тойруу орчимд байгаа 16 сургуульд 1-5 дугаар ангийн 9,597 хүүхдийг хувийн тээврийн хэрэгслээр зөөдөг байна. Мөн E-Police зөрчил мэдээллийн апплекэйшн гаргасан. Иргэдийн идэвх оролцоо өндөр байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зөрчил бүртгэх ажиллагаа явагдсан. Үүнээс хойш 12 мянган иргэн гар утсандаа суулгасан. Ирсэн мэдээллийн 1,800 зөрчилд хариуцлага тооцон, шийтгэврийн хуудас илгээсэн байна.Энэ мэтчилэн замын хөдөлгөөнд саад учруулах, түгжрэл нэмэгдүүлэх олон шалтгаан бий. Замын түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгаа гэдгээ Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулсан юм.Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.