Улс төр
Ерөнхийлөгч санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт илгээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“…Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж, жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ…” гэж үзсэн тул хуулийн төсөлд саналаа хүргүүлэв.
Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай албан бичигт:
“Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж, жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан хүлээн зөвшөөрөх боломжгүй зарим зүйл, заалтуудыг засахгүйгээр баталсан тохиолдолд Монгол Улсын татварын эрх ашгийг дордуулах, татварын орлогыг бууруулах сөрөг үр дагавар шууд үүсэхээр байгаа тул хуулийн төсөлд дор дурдсан засвар, өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна.
Нэг. Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч гадаадын хөрөнгө оруулалттай компани, тэдгээрийн хөрөнгө оруулагч үндэстэн дамнасан корпорациудын төлөх, тайлагнах, суутгуулах татварыг онц их хэмжээгээр бууруулж, Монгол Улсын олон улсын татвар ногдуулалтыг ноцтойгоор дордуулах үр дагавартай дараах заалтуудын хүрээнд:
- Гадаадын компаниудын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох хүүгийн орлого, ногдол ашигт одоогийн хуулиар ногдуулж байгаа 20 хувийн татварыг 2-4 дахин бууруулж, 5 ба 10 хувь болгохоор өөрчлөн, одоогийн нөхцөлийг дордуулсан хуулийн төслийн 20.2.6 заалтыг бүхэлд нь хасах;
- Хуулийн төслийн 20.2.6-д “энэ хуулийн 20.2.1, 20.2.4-т заасныг үл хамааран” гэж зааснаар дийлэнх нь гадаадын компаниудын Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох орлогод хамаарах 11 төрлийн орлогыг “хүүгийн орлого”-той адилтган үзэж 5 хувьтай болгох үр дагавартай тул хуулийн төсөлд шинээр тусгасан 20.2.1 болон 20.2.4 заалтуудыг бүхэлд нь хасах;
- Хуулийн төслийн 20.2.6 дахь заалтад заасан холбогдох орлогуудад ногдуулж байгаа татварын хувь хэмжээг 10-20 хувиар нь хэвээр үлдээх.
- Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад “шууд хөрөнгө оруулалт” хийхийн оронд “өндөр хүүтэй зээл” хэлбэрээр санхүүжилт хийн, “шууд бус хөрөнгө оруулалт” хийж Монгол Улсын эдийн засаг дахь өрийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэх, мөн дотоодын татварын бааз суурийг гажуудуулан татварын өмнөх ашгийг гадагш шилжүүлэх үйл ажиллагааг дэмжин, гадаадын компаниудын Монгол Улсаас хүлээн авах нийт 11 төрлийн орлогыг “хүүгийн орлого” гэж адилтган үзэж 5 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг бүхэлд нь хасах.
- Одоогийн мөрдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын бусад улстай байгуулсан давхар татварын гэрээнүүдэд заасан төлөөний газрын тодорхойлох нөхцөлүүдийг дордуулан хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “доор дурдсан шалгууруудаас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна” гэж заасан хэсгийг бүхэлд нь хасч олон улсын ЭЗХАХБ болон НҮБ-ын Татварын загвар гэрээний тайлбарт заасныг үндэслэн “Энэ зүйлд заасан “Монгол Улсын хуулийн этгээдийг удирддаг гадаадын хуулийн этгээд гэж Монгол улсад байрладаг хуулийн этгээдийн “голлох удирдлага менежментийн багийг сонгох” эрх бүхий этгээдийг хэлнэ” хэмээн уг заалтын утгыг бүхэлд нь өөрчлөх. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.4.5 заалтуудыг хасах. Түүнчлэн давхар татварын гэрээнүүдэд “хуулийн этгээдийг удирдаж байгаа этгээд”-ийн нэр томьёололд “доорх 3 ба түүнээс дээш шалгуурыг хангах” гэсэн шалгуур нөхцөлийг заадаггүй. Иймд олон улсын татварын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хэм хэмжээнээс давсан зохицуулалтаар хөрөнгө оруулагч гадны компаниудад татвараас зайлсхийх шинэ нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийн 5.4 дэх хэсгийг дээрх байдлаар бүхэлд нь өөрчлөх.
- Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улс дахь “Төлөөний газар”-ыг заасан одоогийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2 дахь заалтын “Үйлдвэр” гэсэн бие даасан нөхцөлийг өөрчлөн “Аж ахуйн үйл ажиллагааг удирдаж байгаа газар”-тай нэгтгэн давхар татварын гэрээний заалтыг дотоодод хэрэгжүүлэх хуулийн нөхцөлийг дордуулсан тул хуулийн төслийн 6.2.1 заалтад “Аж ахуйг удирдан явуулах газар,” гэсэн хэсгийг хэвээр үлдээж “Үйлдвэр;” гэж заасан хэсгийг хуулийн төслийн 6.2.6 заалтаар тусгайлан заан оруулж хуулийн төслийн 6.2.6 заалтыг 6.2.7 болгон өөрчлөх.
- Хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.2.5 заалтад заасан “ил уурхай” гэж заасан хэсгээс “ил” гэсэн үгийг хасч “уурхай” болгон өөрчлөх. Ингэснээр 2021 оноос бүрэн хүчин чадлаараа олборлолт хийж эхлэх Оюутолгойн “далд” уурхайн жинхэнэ эзэмшигч Рио Тинто компанийн Монгол Улсад “далд уурхайг эзэмшин төлөөний газар хэлбэрээр олох бизнесийн үйл ажиллагааны ашигт Монгол улс төлөөний газрын татвар ногуулах боломжтой болно. Түүнчлэн уг өөрчлөлтөөр Оюутолгой компанийн зардал, алдагдал их хэмжээгээр буурч уг төслөөс Монгол улс ногдол ашиг хүлээн авах хугацааг хойшлуулж байгаа сөрөг нөлөөллүүд буурна.
- Олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөн даган мөрдөж байгаа Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрмийг хуульчилсан одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дордуулан “тухайн тайлангийн жилийн татвар ногдох зардлаас хасагдаагүй үлдсэн Хүүгийн зардлыг дараагийн 5 жилд нь хасах” гэж өөрчилсөн, мөн Монгол улсад зээлийн санхүүжилт хэлбэрээр шууд бус хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын компаниудын татварын өмнөх ашгийг “хүүгийн зардал” хэлбэрээр гадагш зувчуулах явдлыг хуулиар дэмжсэн. Түүнчлэн “ирээдүйд шилжүүлэн тооцох хүүгийн зардлыг татварын албаар баталгаажуулна” хэмээн хуулийн заалтыг утга ба найруулгын алдаатай бичсэн хуулийн төсөлд шинээр тусгасан 14.5 дэх хэсгийг бүхэлд нь хасах.
- Дээрх 14.5 дахь хэсгийг хасахтай холбогдуулан хуулийн төсөлд шинээр тусгагдсан 14.6, 14.7, 14.8, 14.9 дэх хэсгийг хасах.
- Одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрмийн үйлчлэлийг дордуулан “Хүү, элэгдлийн зардлуудыг хассаны дараах ашгийг дахин 40 хувиар бууруулж” Оюутолгой ХХК-ийн татварын одоогийн тайлангаарх алдагдлыг өсгөх, улмаар Монголын талд хуваарилах ногдол ашгийг хойшлуулах болон ирээдүйд үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийн төслийн 14.2 дах хэсгийг хасах.
- Дотоодын хөрөнгө оруулагч иргэн хувь хүнд хамаарах “Хүүгийн зардал”-ыг татвар ногдуулах орлогоос хасахгүй байхаар хуулийн төсөлд тусгаж дотоод гадаадын хөрөнгө оруулагч татвар төлөгчдийн татварын нөхцөлийг ялгавартайгаар тогтоосон хуулийн төслийн 14 дүгээр зүйлийн 14.11 дэх хэсгийг хасах.
- Хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.5.6 дахь заалтад “хөрөнгө оруулалтын сангийн орлогод ногдох албан татварыг;” гэж заахдаа Хөрөнгө оруулалтын сангийн тодорхойлолт болон түүнд тавигдах хуулийн шалгуурыг тодорхой заагаагүй. Иймд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын татвараас хөнгөлөгдөх орлогын төрлийг их хэмжээгээр нэмэгдүүлэх өндөр эрсдэл дагуулах хуулийн төслийн 22.5.6 дахь заалтыг хасах.
Хоёр. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, ашигт малтмал олборлох ашиглах хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн томоохон компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, тэдгээрт жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээс илүү татварын илт давуутай байдал бий болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан дараах заалтуудын хүрээнд:
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа одоогийн хуулийг дордуулан өөрчилж лиценз борлуулсны орлогоос өртөг зардал хасч үлдэгдэл дүнгээс нь 10 хувийн татвар ногдуулах байдлаар уул уурхайн салбараас нэмүү өртөг үүсгэхгүйгээр хууль бус ашиг олох явдлыг дэмжсэн хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг хасах.
- “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрт хамаарах албан татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ” гэж заан уул уурхайн компаниудад тайлан бүрээр зардал давхардуулах боломж олгон татварын бүртгэлийг энгийн хялбар болгох, тайлангийн хугацааг цөөлөх хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалыг гажуудуулан улмаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр буурахад хүргэх хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг хасах.
- “Энэ хуулийн 26.1, 26.2-т заасан хөнгөлөлтөд хамрагдах албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдох орлогыг тухайн жилийн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно” гэж заан харилцан хамааралтай талууд хоорондын ажил гүйлгээгээр групп болон холбоотой талуудын татварыг бууруулахад хүргэх, мөн татварын бүртгэлийн үндсэн зарчмуудыг зөрчин татвар төлөгчийн татвар ногдох орлогын хэмжээг бууруулах нөхцөлийг нэмэгдүүлэх хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг хасах.
Гурав. Жижиг дунд бизнесийг татвараар дэмжих нэрээр хийгдэж байгаа хуулийн шинэчлэл нь бодит байдал дээр жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх захиргааны болон татварын дарамт ачааллыг нэмэгдүүлсэн дараах заалтуудын хүрээнд:
- “Татварын хялбаршуулсан горим”-ыг хуулийн төсөлд шинээр тусгахдаа хэрэв “жилийн 50.0 сая төгрөгөөс бага борлуулалттай аж ахуйн нэгж өөрийн хүсэлтээр жилд нэг удаа татварын тайлан гаргах” бол “орлогын албан татварын бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй”, мөн “гадаад улсад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасуулахгүй.” гэж заан жижиг аж ахуйн нэгжүүдийн эдлэх 90 хувийн татварын хөнгөлөлт зэрэг хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор дордуулсан хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 29.10 хэсгийг өөрчилж “орлогын албан татварын бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй, мөн гадаадад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасуулахгүй” гэж заасныг хасах.
- Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт болон татварыг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг тунхагласан ЭЗХАХБ болон НҮБ-ын 1977 оны Татварын загвар гэрээний 23 дугаар зүйлийг тус тус зөрчсөн хуулийн төслийн 29.1 болон 29.10 дахь хэсгийг хасч татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар заасан одоогийн хуулийн холбогдох заалтуудыг хэвээр үлдээх.
- Хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “… 90 хувийн татварын хөнгөлөлтийг дараагийн жилд буцаан олгоно” гэж зааснаар одоогийн Татварын ерөнхий хуульд заасан “тайлангаар ногдуулсан төлбөл зохих татвараас хасах байдлаар татварыг хөнгөлөх” зарчмыг дордуулсан хуулийн төслийн 22.1 болон 22.2 дахь хэсгийг өөрчлөн “татвар төлөгчийн тухайн жилийн тайлангаар төлөхөөр ногдуулсан татвараас 90 хувийг нь тухайн жилд хасч хөнгөлнө” гэж засах.
- “Албан татвар төлөгч тухайн татварын жилд үйл ажиллагаа эрхлээгүй бол татварын дараагийн жилээс эхлэн улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 хуваасантай тэнцэх хэмжээний татвар тогтмол төлнө.” гэж заан үйл ажиллагаа явуулаагүй чагтан тайлантай жижиг аж ахуйн нэгжүүдээс улирал тутам “тогтмол татвар” авахаар үндэсний үйлдвэрлэгч жижиг компаниудын татварын дарамтыг нэмсэн цаашилбал татварыг зөвхөн ашиг орлогод ногдуулах тухай заасан татварын онолын суурь зарчмыг ноцтойгооор зөрчин татварын хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг гажуудуулсан хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг хасах.
- Хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “татварын хөнгөлөлт” биш татварын тайлан тушаах хугацааг заасан байх тул төслийн 26.1, 26.2 дахь хэсгээс “заасан хөнгөлөлтөд хамрагдах” гэснийг хасах” гэжээ.
Эх сурвалж:president.mn

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам