Бусад
СУДАЛГАА: Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааг өнөөдөр танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн байдаг. Энэ жилийн судалгааг 2017 оны судалгаатай харьцуулахад Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар нийт дүнгээрээ 7 хувиар нэмэгдсэн байна. ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Энэ удаагийн тайлангийн онцлог нь анхны тайлангаасаа аль дүүрэг нь аль үзүүлэлтээрээ сайн байна вэ гэдгийг харуулсан. Товчоор хэлбэл энэ тайлан бол хөгжлийн хэмжүүр юм. Одоо энэ хэмжүүрээ хэрэглэж үр дүн гаргах нь чухал. Дэлхийн бүх хотууд тайлангийн номоо гаргаж, хөгжиж байна. Дүүрэг сайжирвал нийслэл, нийслэл сайжирвал улс орон сайжрах тул бид ийм хэмжүүр хийгээд байна. Судалгаанд ямар нэгэн субъект байхгүй.
өнгөрсөн жил өрсөлдөх чадварын хувьд нийлбэр дүнгээрээ Баянгол дүүрэг эхний байр эзэлсэн бол энэ жил Хан-Уул дүүрэг эхний байр эзэлсэн. Ийм дүн гарахад миний болон хэн нэгний нөлөө байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ удаагийн тайлангийн бас нэг давуу тал нь дүүрэг тус бүрийн давуу, сул талыг гаргасан. Судалгаа үнэгүй ба уншихад нээлттэй байгаа. Хувийн болоод хувьсгалын ажилдаа ашиглаж болно. Мөн эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дүүрэг, нийслэл, улс орондоо хувь нэмрээ оруулах гэсэн нийгмийн төсөл юм.
Ер нь манай улс өрсөлдөх чадвараараа ухарч буйн хамгийн гол хүчин зүйл бол засаглалын асуудал. Засаглалыг харахад ямар ч тогтворгүй байна. Хүн нь тогтворгүйгээс гадна бүтэц нь хүн нь тогтворгүй төөрдөг байшин шиг болчихсон. Судлаад үзэхэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүх яамдын хаяг 2-6 удаа өөрчлөгдсөн байна. Тэгэхээр Монголд тогтворгүй байдлын хямрал болчихсон. Нэр, хаяг, бодлого, боловсон хүчин нь тогтворгүй. Үүнийг засахад хэцүү биш дээ. Өөрчлөлт, бужигнуулалт хийхээ л больчих хэрэгтэй шүү дээ. Гэх мэтийн засаж болох дутагдлыг тайлангаас харж болно. Оношоо зөв олбол эмчлэгдэнэ. Бид оношилчихсон дарга нар эмчлэх л үлдлээ.
Улаанбаатар хот, 9 дүүргийн эдийн засаг, засаглал, бизнес, дэд бүтэц зэргийг цогцоор нь судалсан 150 үзүүлэлтээс бүрдсэн
Харин ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Тунгалаг “Энэхүү судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх, цаашлаад иргэдийн оролцоог хангасан, өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох юм. Бид дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг 2 дахь удаагаа гаргаж байна. Энэ удаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр гаргасан. Монгол улсад хотжилт маш эрчимтэй байгаа. Гэхдээ хотжилт нь бидэнд ямар үр нөлөөг дагуулж байна вэ гэдэг нь чухал асуудал. Бид судалгаагаараа үүнд ариулт өгч, хот, дүүргийн удирдлагууд, иргэдийг бодитой мэдээллээ хангах зорилгоор өрсөлдөх чадварын судалгааг хамарсан.
Судалгаанд Улаанбаатар хот, 9 дүүргийн эдийн засаг, засаглал, бизнес, дэд бүтэц зэргийг цогцоор нь судалсан 150 үзүүлэлтээс бүрдсэн.
Үр дүнгээс нь дурдахад ер нь өрсөлдөх чадварыг 0-1 хооронд үнэлдэг. Харин Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын хувьд 0.5 орчим оноотой гарсан байна. Энэ нь харьцангуй өрсөлдөх чадвар сайтай буюу дундаж түвшинд явж байна гэж ойлгож болно.
Мөн 9 дүүргүүдээ хооронд нь харьцуулж өрсөлдөх чадварыг нь гаргасан. Ингэхэд Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн. Харин алслагдсан буюу Багахангай, Налайх, Багануур дүүргийн өрсөлдөх чадвар харьцангуй сул байгаа. Алслагдсан дүүргүүдийн хувьд амьдрах орчин нь илүү ая тухтай хүн амын бөөгнөрлөөс бүрдсэн асуудал бага байдаг. Гэтэл нөгөө бөөгнөрөл ихтэй дүүргүүдэд орчны, бохирдлын асуудал их гарч байгаа нь судалгаагаар ажиглагдсан.
Өмнөх 2017 оны судалгаатай харьцуулахад Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар нийт дүнгээрээ 7 хувиар нэмэгдсэн. Мөн судалгаанаас харахад бохирдлын асуудлыг анхаарах хэрэгтэй байна” гэв.
Дүүрэг болгон ижилхэн бодлого барина гэхгүйгээр дүүргийн онцлогт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах нь зөв
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг “Улаанбаатарын хүн амын ихэнх нь залуучууд харагддаг. Бас хөгжөөгүй хэд хэдэн салбар харагддаг. Тэр салбаруудаа энэ судалгаанд үндэслээд хөгжүүлэх боломжтой. Гарааны бизнес болон эдийн засгийн шинэ салбарууд хөгжих боломжтой гэж үздэг. Энэ тайлан ганц эдийн засаг биш цогцоор нь үзүүлсэн тул салбар болгонд ахиц гарах боломж бүрдүүлж байна.
Мөн дүүрэг болгон ижилхэн бодлого барина гэхгүйгээр дүүргийн онцлогт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах нь зөв. Гэхдээ нийслэлийнхээ бодлоготой уялдсан байх ёстой” хэмээн хэллээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.