Дэлхий дахинд
Хөлбөмбөгч тоглолтын үеэр ухаан алдаж, эсрэг багийн тоглогч амийг нь аварчээ
Өнгөрсөн бямба гаригт болсон “Евро 2020”-ийн урьдчилсан шатны Гүрж-Швейцарийн багийн тоглолтын үеэр эмгэнэлт явдал гарах шахжээ. Зочин багийн хамгаалагч Фабиан Шер тоглолтын үеэр ухаан алдаж, маш хүнд нөхцөлд орсон байна. Аз болж, эсрэг багийн тоглогч анхны тусламжийг зөв үзүүлснээр эсрэг багийн тоглогч амь насыг нь аварсан байна.
Фабиан Шер тоглолтын 23 дахь минутад Жемал Табидзетэй мөргөлдөж, газарт ухаангүй унасан аж. Түүний бүх бие нь мэдрэлгүй болсноос болж хэл нь унаж, хоолойгоо бөглөснийг тааварлах хүн байсангүй. Харин эсрэг багийн тоглогч Жано Ананидзе нөхцөл байдлыг түргэн зуурт зөв үнэлж, Фабианы амыг нээж, хэлийг нь татаж гарган амьсгалын замыг нь чөлөөлж өгснөөр амь насыг нь аварчээ. Үүний дараа эмч нар ирж Фабианд тусламж үзүүлсэн байна. Фабиан Шер сэргэж ухаан орсон төдийгүй тоглолтыг үргэлжлүүлж, дуустал нь тогложээ. Энэ тоглолтод Швейцарь 2:0-ээр хожиж, Фабиан Шер хоёр гоолд хоёуланд нь оролцсон байна. Харин тоглолтын гол баатар нь Жано Ананидзе байсан юм.
Швейцарийн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Марко фон Ах “Спорт-Экспресс”-т өгсөн тодруулгадаа “Шер одоо зүгээр. Ананидзегийн үзүүлсэн тусламж зөв байсан уу гэж үү. Мэдээж тийм. Манай эмч нар бидэнд энэ талаар тодорхой ярьсан. Өөр нь ч гэсэн хэлсэн гэсэн. Хэл нь роолойгоо бөгдлөж, амьсгалж чадахгүй болсон байсныг анзаарч, тусламж үзүүлсэн Жанод дахин баярлалаа гэж хэлье. Түүний хийснийг магтахгүй байхын аргагүй. Манай багийн тоглогчдын хэн нь ч ижил нөхцөл байдал үүссэн бол багийн нөхөртөө ч, эсрэг багийн тоглогчид ч туламж үзүүлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Харин Жано нөхцөл байдлыг бусдаас түрүүнд дүгнэж, түргэн хөдөлсөн. Манай баг сорилгын хүрээнд Гүржийн багтай дахин тоглох хуваарьтай байгаа. Тэр үед Гүржийн хөлбөмбөгийн холбоо бидний талархлыг зүй ёсоор хүртэх болно” гэж өгүүлсэн байна.